Шивээ-Овоогийн 660МВт-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг Ж.Энхбаяр ахалж байна
50 Минутын өмнө
83
Шивээ-Овоогийн 660МВт-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг Ж.Энхбаяр ахалж байна

Шивээ-Овоогийн 660МВт-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр /2026.11.11/ Эдийн засаг, хөгжлийн яаманд боллоо. 

Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцын төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. 

“Ар и си си эм жи” ХХК-иас Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт ирүүлээд буй. Уг хүсэлтийг журмын дагуу судалж, холбогдох байгууллагуудын санал, дүгнэлтийг авч, 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүний дагуу Ерөнхий сайдын 2026 оны 236 дугаар захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулаад байна. 

Энэхүү ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж ажиллаж байгаа юм. 

Ажлын хэсгийн ахлагчийн хувиар "Шивээ-Овоогийн цахилгаан станц нь эрчим хүчний салбарын томоохон төсөл тул гэрээний нөхцөлийг боловсруулахдаа санхүүжилтийн эх үүсвэр, төслийн хэрэгжих боломж, салбарын бодлого, зохицуулалт болон төрөөс хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан авч үзэх шаардлагатай"-г онцоллоо. 

Ажлын хэсгийн гишүүд гэрээний төслийг өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд нягтлан судалж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн, талуудын эрх, үүргийг тодорхой тусгасан, хэрэгжих боломжтой гэрээний нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.