Н.Учрал: Шаардлагагүй, алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг нэгтгэх, татан буулгах ажлыг эхлүүлнэ
2024.08.24
266
Н.Учрал: Шаардлагагүй, алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг нэгтгэх, татан буулгах ажлыг эхлүүлнэ

"Эрдэнэс Монгол" нэгдлийн үйл ажиллагааны 2024 оны эхний хагас жилийн хэрэгжилт, үр дүн, өвөлжилтийн бэлтгэл байдал зөвлөгөөн "Багануур" хувьцаат компанийн байранд үргэлжилж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Нэн шаардлагагүй, алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг татан буулгах, нэгтгэх ажлыг эрчимжүүлнэ. Эрдэнэс Монгол бол өнөөдөр Үндэсний баялгийн санг бүрдүүлж байгаа гол нэгдэл. Тийм ч учраас энэ нэгдэл, нэгдлийн дор хамаарч байгаа 31 нэгдэл цаашид 4 зорилтыг хангаж ажиллах ёстой. Бид олон жил ярьж байгаа, засаглалыг сайжруулна гэж. Өнгөрсөн хугацаанд гарсан ололт, амжилтууд бий. Гэхдээ одоо ч гэсэн саад тотгорууд үргэлжилсэн хэвээр байна. Үүнээс болж ард түмний дунд төрийн өмчит компанийн нэр хүнд маш ихээр унасан. Итгэл алдарсан. Мэргэжлийн бус удирдлагын багийг зөв гольдиролд оруулах шаардлага байгаа. Тиймээс нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагын томилгоо цаашид мэргэжлийн байх ёстой. Бие даасан засаглал энд яригдах бөгөөд улстөржилтөөс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж, ажиллах нөхцөлийг хангаж өгнө. Хууль эрх зүйн орчноор үүнийг баталгаажуулна" гэв. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.