"Эрдэнэс Монгол" нэгдлийн үйл ажиллагааны 2024 оны эхний хагас жилийн хэрэгжилт, үр дүн, өвөлжилтийн бэлтгэл байдал зөвлөгөөн Багануурт үргэлжилж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Үйлдвэрлэл, технологийн парк гэдгийг аж үйлдвэрийн эко систем гэж ойлгож байгаа. Энэхүү эко системийг бүрдүүлэхэд хамтын оролцоог дэмжинэ. Хамтын оролцоо нь эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоо, мэргэжлийн байгууллага, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж харж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээ дахин боловсруулах нь бидний нэн тэргүүнд тавих зорилт. Үүний цаана ажлын байр бий болно, өрхийн орлого нэмэгдэнэ. Эдийн засгийн өсөлт ч ард иргэдийн амьдралд бодиттой харагдана. Хувийн хэвшлийн зах зээл ч томорно, өрсөлдөөн ч нэмэгдэнэ. Үйлдвэрлэл, технологийн парк дээр хувийн хэвшлийг дэмжих тогтолцоог бүрдүүлж өгөх нь чухал байна. Хувийн хэвшил орж ирэхэд тэнд татварын болон татварын бус дэмжлэг тодорхой хэмжээнд үзүүлэх ёстой, газрын хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа, дэд бүтцийн тодорхой дэмжлэг үзүүлэхээс өөр арга байхгүй. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд ялгаатай татварын системийг байлгах учиртай. Эрдэнэт, Дарханы үйлдвэрлэл, технологийн парк дээр дандаа хувийн хэвшлийн оролцоо байна. Хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх нь чухал. Энэ эрүүл зарчим үйлчлэх ёстой. Хувийн хэвшил ашигтай ажиллах гэж л тухайн үйлдвэрлэл, технологийн парк дээр ирж байгаа. Ашигтай ажиллах тэр боломжийг нь хуулиар бүрдүүлсэн цагт л тэнд хөгжил, ажлын байр яригдана. Мөн уул уурхайн салбарт мэргэжлийн холбоодыг дэмжин ажиллаж, төрийн зарим чиг үүргийг шилжүүлнэ. Хяналт, хөндлөнгийн аудит хийх эрхийг ч мэргэжлийн холбоонд олгоно. Мэргэжлийн холбооны оролцоог тэр хэрээр нэмэгдүүлнэ гэсэн үг. Уул уурхайн салбарт мэргэжлийн холбоод байгуулагдана" хэмээн байр сууриа илэрхийллээ.