Эгийн голын УЦС барих төслийн хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулна
2024.08.13
205
Эгийн голын УЦС барих төслийн хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулна

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэж, байгуулахаар ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ.

Хоёр тал Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард багтаан байгуулах, ДЦС-3-ыг өргөтгөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулах, ОХУ-д суралцах Монголын оюутнуудын квотыг тогтоох, нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг гаргах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

Түүнээс гадна, хоёр талын уул уурхай, эрчим хүч, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээр тохиролцов.

oros_1 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.