Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дагалдан яваа албаны хүмүүсийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, уурхайчин хамт олны төлөөлөлтэй уулзлаа.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан үүрэгт томилогдон, анхны томилолтоо уул уурхайн салбарын тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрээс эхэлж буйгаа нэр төрийн хэрэг хэмээн Ц.Туваан сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Түүний ажлын айлчлалын баг бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд болон Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд багтжээ.
Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрийн цаашдын зорилт, үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний биелэлтээс мэдээлэл хийлээ.
Эрдэнэт үйлдвэр гол үйл ажиллагаагаа геологийн нөөц, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлогод чиглүүлж, зэсийн баяжмалаа биржээр арилжих, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх зэрэг том зорилтуудаа хэрэгжүүлэн ажиллаж буйг танилцуулгадаа онцоллоо.
Эрдэнэт үйлдвэр бол байгуулагдсан цаг үеэсээ Монгол Улсын нийгэм, эдийн засагт голлох үүрэгтэй байж, нийгмийн шилжилт болон бусад хүнд цаг үед ч улс орныхоо тулах багана, хөгжлийн зүтгүүр хүч нь болж ирсэн. Цаашид эх орны хөгжил дэвшилд үнэтэй байр суурь эзэлсээр байна. Энэ үйлдвэрийг барьж байгуулсан олон мянган анхдагч, илгээлтийн эзэд, өнөөдөр ажиллаж буй 7000 гаруй ажилтан, уурхайчдын хөдөлмөр зүтгэл, сэтгэл оюуны үр шимээр Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хөгжиж буй нь бахархалтай гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан уурхайчдад хандаж хэлсэн үгэндээ тодотгосон юм.
Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах явцад гурван чиглэлийн бодлого хөтөлбөр хамгийн оновчтой, үр өгөөжтэй хэрэгжиж байгааг онцолмоор байна, хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд үгэндээ дурдсан.
Уул геологийн нөхцөл байдалдаа онцгойлон анхаарч, эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл хэрэгжүүлэн, цаашид 60 жил ажиллах уурхайн нөөцөө баталгаажуулан ажиллаж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг гэрэлтэй болгожээ. Түүнчлэн, тус үйлдвэрийн санхүү, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа шилэн болж буй нь олон хүний итгэл сэргэж, шударга байдал бэхжих боломж бүрдсэн байна. Энэ үйлдвэрийг нуруундаа үүрч яваа үе үеийн уурхайчдын хөдөлмөр шударга үнэлэгдэж, энэ манлайллыг Эрдэнэт үйлдвэр үзүүлэх нь маш чухал үлгэрлэл болно.
Бас нэг онцлох зүйл нь хүний хүчин зүйлээс ангид байлгаж, субьектив ашиг сонирхлоос хамгаалахын тулд худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн нь цаг үеэ олсон, дэвшилтэт ажил хэрэг болсон байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, улс нийгэм төдийгүй орон нутгийн хөгжил ч урагшлан ахих боломж нээгдэж буйд талархууштай гэсэн юм.
Уулзалтын дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ажлын баг бүрэлдэхүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн завод болон Үйлдвэрлэл, технологийн паркийн явц байдалтай биечлэн танилцлаа.