УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ХҮН нам хүчирхэг эдийн засгийг цогцлоох, улс орны эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарт дараах мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцож байна. Mining.mn сайт нам, эвслийн уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал болгож буй МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ийг тоймлон хүргэж байна.
• Уул уурхайн орлогоос бүрдэх хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан мега төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлнэ.
• Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангана.
• Үндэсний томоохон компаниуд мега төсөл хэрэгжүүлэх боломжийг ханган ажиллана.
• Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улс төр ба намын нөлөөллөөс ангижруулснаар иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгож, Монгол Улсын иргэд, төр, бусад хувьцаа эзэмшигчдийн тэнцвэрт харилцааг бүрдүүлнэ.
• Оюутолгойн үйлдвэр болон уул уурхайн томоохон төслүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах цахилгаан станц барих бодлого баримтална.
• Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд татварын бодит бус ачааллыг нь бууруулж, санхүү, үйл ажиллагааны чадавхыг нь бэхжүүлнэ.
• Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, олон улсын зах зээлийг тэлэх бодлого барин ажиллана.
• Уул уурхайн салбарын орлогоос орон нутагт хуваарилах хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална.
• Хариуцлагатай уул уурхай буюу байгаль орчин, эдийн засгийн тоон болон чанарын тодорхой шалгуурыг хангахуйц хэмжээнд ажиллах нөхцөл шаардаж, шинээр хэрэгжихэд бэлэн болсон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтална.
• Уул уурхайн эрдэс баялгийн хайгуулын ажил нь уул уурхайн эдийн засгийн үе шат болон үнийн савлагаанаас ихээхэн хамааралтай байдаг тул тогтворжуулах бодлого баримтлан ажиллана. Хайгуулын ажлыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулан цар хүрээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийн зүй бус наймааг хязгаарлах бодлого хэрэгжүүлнэ.
• Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ.
• Улс орны дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай гол орц болох ган, цемент, шилний үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ. Уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган, цемент, шилэн хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлого хэрэгжүүлнэ.
• Химийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэн, гол нэр, төрлийн шатахууны тодорхой хувийг олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлого баримтална.