Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад материал хүлээн авч дуусахад 9 хоног үлдлээ
Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад материал хүлээн авч дуусахад 9 хоног үлдлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг энэ сарын 29-ний 09.00 цаг хүртэл хүлээж авна. Тус компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон.
 
БЭТ-өөр томилогдсон Ж.Ганбатын ажиллах хугацааг УИХ-аас дахин зургаан сараар сунгасан нь дуусгавар болохтой холбогдуулан Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарласан юм.

Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнэлгээ авсан 5 оролцогчийг ярилцлагын шалгалтад оруулах юм. Эндээс хамгийн өндөр үнэлгээ авсан 3 оролцогчийн материалыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, эцсийн мөчид 3 оролцогчоос ТУЗ Гүйцэтгэх захирлыг сонгож, гэрээ байгуулахаар байна. 
 
Онцгой дэглэм тогтоосноор компанийн ашиг орлого нэмэгдэж, санхүүгийн сахилга бат сайжирсан төдийгүй олборлолт, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжиж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, нээлттэй ил тод байдлыг хангаж чадсан юм. Тэрчлэн төслүүдийг эрчимжүүлэн компанийн засаглалыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлж ажилласан байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.