"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Монголын хүүхдийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар 4 асуудлыг хэлэлцэнэ гэдгийг "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хурлын эхэнд тодотгосон юм. Үүнд, компанийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, ногдол ашигтай холбоотой шийдвэр, гүйцэтгэл зэрэг багтжээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат компанийн 2023 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулсан юм. Тус компани 2023 онд 28.4 сая тонн нүүрс экспортолж, улсын нийт экспортын нүүрсний 40.8 хувийг дангаар бүрдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Хөрөнгийн биржээр, хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж эхэлсэн төдийгүй 2022 болон 2023 оны ногдол ашгийг хоёр удаа тараасан. Тайлант хугацаанд компани 28.2 сая нүүрс олборлож, 34.1 сая тонн нүүрс борлуулан 3.5 тэрбум ам.долларын орлого олсон гэдгийг мэдээллээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2023 онд анх удаа биржээр нүүрсээ арилжаалж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 65 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 9.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр Ганцмод боомт нөхцөлтэй арилжаалсан. Мөн компани худалдан авагчдад өгөх өр төлбөр 582 сая ам.доллар байсныг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулсан зэрэг онцлох үр дүнгүүд гарсан байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.