Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд УУХҮЯ, ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамтай Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурлаа.
Дэлхийн эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгнө.
“Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн Геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн геологийн албаны захирал Карэн Хангхож нар гарын үсэг зурав.
Санамж бичиг геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг бүрдүүлнэ.