Зэс, алтны Хармагтай ордыг хайгуулаас олборлолт руу шилжүүлэх мөч ойртож байна
Зэс, алтны Хармагтай ордыг хайгуулаас олборлолт руу шилжүүлэх мөч ойртож байна

Урагшлах нь тодорхой төслүүдийн нэг бол Хармагтай. Уг төслийг хэрэгжүүлэгч  Xanadu Mines компани Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суух тэр мөч ойртон байна. Xanadu Mines компанийн хувьд, төслөө олон жил бойжуулж, тууштай хайгуул, тогтвортой хөрөнгө оруулалтын үр дүнд дэлхийн хэмжээний төслийн энтэй авчраад байгаа. Урт хугацааны хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан төслийн хүрээнд хайгуулаас олборлолт руу шилжих бэлтгэл ажил идэвхтэй өрнөж байна.

"Хармагтай" төслөө тэд дэлхийн уул уурхайн томоохон тоглогч, нөлөө бүхий уурхай хөгжүүлэгч БНХАУ-ын Zijin Mining компанитай хамтран хэрэгжүүлж байгаа. Зэс үйлдвэрлэлээрээ топуудын нэгт зүй ёсоор тооцогддог Jijin Mining болон Xanadu Mines компанийн хослол "Хармагтай"-г дахин шинээр харахад хүргэсэн юм. Xanadu Mines нь Австрали болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй.

Хармагтай орд нь нэмэлт хайгуулын үр дүнд нөөц нь шинэчлэгдэж, Цагаансуваргын ордтой дүйцэх хэмжээнд яригдах болсон. Цагаансуварга нь Эрдэнэтээс 7 дахин, Оюутолгойгоос 30 дахин бага нөөцтэй орд. Хармагтай ордыг 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 200 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй гэж үздэг. Алтны нөөц нь Говь-Алтай аймагт хэрэгжиж буй Хан Алтай ордтой ойролцоо гэсэн үг.

Төсөл хэрэгжүүлэгчид металлургийн судалгааны шинэ үр дүнгээ саяхан танилцуулсан. Үүгээр зэсийн хүдрийн металл авалт 94 хувь, алтны металл авалт 92 хувьтай гарсан байна. Хөвүүлэн баяжуулах аргаар хийсэн судалгааны үр дүнд талууд ихээхэн олзуурхаж, төслийн ирээдүйд маш сайн мэдээ гэж онцолж байсан юм. Xanadu Mines компанийн зүгээс 2024 оны IV улиралд олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эрдэнэт, Оюутолгой ордоор зогсохгүй Цагаансуварга, Хармагтай гэсэн зэсийн шинэ экспортлогчид эгнээ сунган гарч ирэх нь. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.