"Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр"-т эзэмшүүлнэ
"Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр"-т эзэмшүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, "Ачит Ихт" компанитай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Үүгээр тус компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т шилжүүлэх буюу эзэмшүүлэхээр болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдааны дараа танилцууллаа.

"Ачит Ихт" компани нь 2014 онд байгуулагдсан, 10 жилийн түүхтэй. Компанийн зүгээс өөрийн 34 хувиа "Эрдэнэт үйлдвэр"-т эзэмшүүлэх хүсэлт, саналыг 9 удаа тавьж ирсэн байдаг. Гэвч 34 хувийг эзэмших нь "Эрдэнэт үйлдвэр"-т ашиггүй гэж тухайн үед байгуулагдсан Ажлын хэсэг үзэн 34 хувийн эзэмшлээс татгалзаж байжээ. Уг шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгож, уг шийдвэрийг гаргаж байсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагуудад шалгуулна гэж мэдэгдлээ. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хаягдал овоолго буюу үүсмэл ордыг түшиглэн "Ачит Ихт" компани үйл ажиллагаа явуулж ирсэн. Компани сүүлийн найман жилийн хугацаанд 530 орчим сая ам.долларын ашигтай ажилласан байна. Засгийн газрын хуралдаанаар, өнгөрсөн найман жилийн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэмшээд олох байсан орлого буюу 34 хувьд ногдох ашгийг "Ачит Ихт" компаниас нэхэмжлэх, үүсмэл ордын асуудлыг эргэн судлах үүрэг чиглэлийг гаргасан байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.