Зэсийн үнэ таамаг эвдсээр. Энэ оны эцэс гэхэд тонн тутамдаа 10 мянган ам.доллар, ирэх жил 12 мянган ам.долларт хүрнэ гэсэн таамгийг Citigroup дэвшүүлсэн. Дэлхийн зах зээл дэх зэсийн нийлүүлэлтэд үүсэж болзошгүй хомсдол, улс орнуудын эдийн засгийн идэвхжил суурь металлын төлөвийг ихээхэн өөдрөг төсөөлөх, таамаглах үндэс суурь нь болж байна.
Bank of America-ийн шинжээчид зэсийн үнийг энэ онд 9300 давна гэж тооцоолсон. Лондоны металлын биржийн даваа нээлтийн ханш 10 мянган ам.долларт тэмүүлж, 9,988 ам.долларт хүрсэн. Зэсийн үнэ сүүлийн хоёр жилийн түүхэн дээд түвшинд хүрч ирээд байна.
Зэсийн үнэ 2023 оныг 8608 ам.долларын ханшаар үдсэн бол энэ оны эхний улиралд 10 мянган ам.долларт тун ойртлоо. Дээрх таамгуудаас харахад, зэсийн үнэ 10 мянга давах нь тодорхой төдийгүй түүнд хүрэхэд богино хугацаа үлдсэн бололтой.
Тогтвортой хөгжилд түших эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт зэсийн эрэлт хэрэгцээг цаашид улам нэмэгдүүлэхээр байгаа.
Дэлхий нийт цэвэр эрчим хүч рүү тэмүүлснээр 2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдэж, жилд 50 орчим сая тонн хүрэх төлөвтэй байна. S&P Global уг таамгийг дэвшүүлсэн бөгөөд үүнийг "Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер Mining week 2023 арга хэмжээний үеэр өөрийн илтгэлдээ дурдаж байсан юм.