Г.Батмөнх: Хойд бүс томоохон нисэх буудалтай болсноор олон боломж нээгдэнэ
2024.03.30
300
Г.Батмөнх: Хойд бүс томоохон нисэх буудалтай болсноор олон боломж нээгдэнэ

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хойд бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүд, орон нутгийн иргэд оролцсон “Хойд бүсийн хөгжлийн форум” Эрдэнэт хотод өнөөдөр эхэллээ. 

Бүсийн хөгжлийн үзэл баримтлал, бодлогын баримт бичигт санал авах зорилготой энэхүү форумыг Хойд бүсийн хөгжлийн төв ТББ санаачлан Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх "Эрчмийн эх үүсвэр нь Эгийн голын усан цахилгаан станц болоосой гэдэг мөрөөдөлтэй. Энэ нь Монгол Улсын эрчмийн системд оргил ачааллын үед гол тохируулагч станц байх төдийгүй бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэмэр болох учиртай. Яагаад гэвэл Эгийн голын усан цахилгаан станц баригдах юм бол түүнийг дагаад томоохон тогтоол нуур бий болно. Энэ нууранд жуулчид усан онгоцоор аялах, тэндээсээ дээшээ Эгийн гол, Үүрийн гол дамжаад жижиг хурдан онгоцуудаар явж, загасчлал хөгжих боломжтой. 
Түүнээс гадна Булганд төвтэй түүхий эд боловсруулах төв байгуулах хэрэгтэй. Арьс шир боловсруулдаг зүгээр нэг төв биш. Өндөр технологийн үйлдвэр байгуулж, гүзээ, сархинаг зэрэгт гүн боловсруулалт хийгээд, маш гоё амттай хүнс хийж болно. Дэлхийн хүмүүс Монголын гүзээний хатаамалгүйгээр шар айраг, дарс ууддаггүй соёлыг бий болгох түвшинд ажиллах хэрэгтэй. Мөн хойд бүс томоохон хэмжээний нисэх буудалтай болох. Үүнийг бүс нутгийн иргэдийн зорчигч тээвэрт ашиглах төдийгүй олон улсын нөөц буудлаар ашиглах боломжтой. 
Бусад газруудад байгалийн гамшиг, янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан онгоц хүлээж авах боломжгүй боллоо гэхэд манай нисэх буудалд газардаж, үйлчлүүлээд өнгөрдөг байх хэмжээний том нисэх буудал байх юм бол бүс нутгийн хөгжилд нэмэртэй гэж бодож байна" гэв.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.