Хойд бүсийн хөгжлийн боломж, гарцыг хэлэлцэнэ
2024.03.30
233
Хойд бүсийн хөгжлийн боломж, гарцыг хэлэлцэнэ

"Хойд бүсийн хөгжлийн форум-2024" Орхон аймгийн Эрдэнэт хотноо эхэллээ. Засгийн газраас хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч эхэлсэн цаг үед энэхүү форум болж байна. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын зургаан сэргэлтийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. 

Хойд бүсийн ДНБ нь 4 их наяд 849 тэрбум төгрөг. Улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна. 

Форумын үндсэн илтгэлийг "Хойд бүсийн хөгжлийн төв" ТББ-н Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа хэлэлцүүлж, "Хойд бүсийн хөгжлийн төв бодлогын баримт бичгийг судлаачид болон олон нийтийн оролцоотойгоор боловсруулж байна. Хэдийгээр бид 21 аймагт тархан суурьшсан ч хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Хөгжлийн бүх гарц нь, эдийн засгийн бүх үзүүлэлтийн 80 гаруй хувь нь Улаанбаатарт төвлөрч байна. Яг ийм үед бүсийн хөгжлийн тухай зайлшгүй ярих шаардлагатай. Хойд бүсд Аж үйлдвэржилт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боомтын хөгжил гээд бүсээрээ хөгжих маш олон боломж байна" хэмээн тодорхойлов.

forum_orhon 

Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган "Хөдөөгийн сэргэлтийг хийхийн тулд хотоос хүмүүсийг хөдөөд авч ирэх биш одоо амьдарч байгаа хүмүүсийг амар тайван, аз жаргалтай амьдрах боломжийг бий болгох хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут "Хойд бүсийн хөгжлийн форум-2024"-д оролцож, "Өнөөдөр Эрдэнэт хотын таван хүн тутмын нэг нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Тиймээс ч аж үйлдвэрийн хөгжилд гарцаа байхгүй хойд бүс онцгой үүрэгтэй. Хойд бүсийг Монгол улсын хөгжлийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн тодотгов. 

Форумын өнөөдрийн эхний хэлэлцүүлэгт "Эрдэнэт ТӨҮГ"-ын уурхайчин залуус оролцож байгаа бөгөөд тэд Хойд бүсийн хөгжлийн баримт бичиг, тэргүүлэх чиглэлтэй холбоотой саналуудаа хэлэлцэж байна. Мөн хойд бүсийн хөгжлийн ирээдүйн 10 жилийг зураглан төлөвлөх юм. 

"Хойд бүсийн хөгжлийн форум-2024" үргэлжилж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.