НҮҮРСНИЙ АЮУЛГҮЙ, ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
-Орчуулгыг Монгол нүүрс ассоциаци бэлтгэн боловсруулав-
Хүлээн авагч байгууллагууд: Бүх аймаг, өөртөө засах орон, шууд харьяа хотууд, Шинжааны Үйлдвэрлэл, Барилгажилтын Корпусын Хөгжил шинэтгэлийн хороо, Эрчим хүчний газар, Нүүрсний салбарын удирдах газар, Нүүрсний уурхайн аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Үндэсний уул уурхайн аюулгүй байдлын хяналтын газрын аймаг / орон нутаг дахь салбар газрууд, холбогдох төрийн соёмбот (төрийн өмчит) хэвшлийн аж ахуйн нэгжүүд.
Намын Төв Хороо болон Төрийн Захиргааны Зөвлөлийн шийдвэр, шийдвэрлэлтийг тууштай хэрэгжүүлж, аюулгүй байдлын үндсэн заагийг чандхийн сахисны үндсэн дээр нүүрсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг бүх чадлаараа тогтворжуулж, зах зээлийн тогтвортой ажиллагааг дэмжих, нийгэм-эдийн засгийн чанартай хөгжил болон иргэдийн ахуйн эрчим хүчний хэрэгцээг илүү сайн хангахад зориулж дараах асуудлуудыг мэдэгдэж байна:
1. Нүүрсний аюулгүй, тогтвортой үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг өндөр түвшинд чухалчлах
Шаньси мужийн Чанжи хотын Лүшэньюй нүүрсний уурхайд гарсан “5.22” тусгай том хэмжээний хийн (метан) дэлбэрэлтийн ослоос хойш орон нутгуудад нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тусгай шалгалтыг үргэлжлүүлэн чангаруулснаар уурхайнуудын үйлдвэрлэлийн журам мэдэгдэхүйц цэгцэрч, хууль тогтоомжийн дагуу ажиллах ухамсар эрс дээшилсэн. Гэвч үүнтэй нэгэн зэрэг зарим уурхайнууд аюулгүй байдлын эрсдэлээс үүдэн зогсолт хийж шалгалт явуулж байгаа тул ажил дахин эхлүүлэх, үйлдвэрлэл сэргээх явц харьцангуй удаан, зарим уурхайнууд олборлолтоо бууруулсан эсвэл төлөвлөгөөт хэмжээндээ хүрэхгүй байгаа нь тодорхой бүс нутагт нүүрсний үйлдвэрлэл буурахад нөлөөлж, эрчим хүчний аюулгүй тогтвортой нийлүүлэлт болон эдийн засгийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна.
Цаг уурын байгууллагын таамаглалаар энэ жил “Эль-Ниньо” үзэгдэл “маш хүчтэй” түвшинд хүрч, цаг агаарын хэт хазайлттай үзэгдэл тохиолдох магадлал ихээхэн нэмэгдэж байгаа тул эрчим хүчний баталгаат байдалд олон тодорхойгүй хүчин зүйл нүүрлэж байна. Нүүрс олборлогч бүх муж (бүс нутаг)-ын холбогдох салбарууд болон нүүрсний үйлдвэрүүд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөлийн дор нүүрсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг бүх хүчээрээ тогтворжуулж, нүүрсний үйлдвэрлэлийг шат дараатайгаар жигд сэргээн эдийн засгийн өсөлт ба эрчим хүчний хангамжид найдвартай дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
2. Хяналт шинжилгээ, зохицуулалт болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг бүх талаар чангаруулах
Нүүрс олборлогч орон нутгуудын нүүрсний салбарын удирдах газар гарцын зохицуулалт ба аюулгүй байдлын эрсдэлийн шинжилгээний механизмыг чангаруулж, мэдээллийн нэгдмэл байдал, тайлагналын суваг, хяналтын хүрээг улам бүр сайжруулан бодит үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг цаг тухайд нь, үнэн зөв тусгаж байх ёстой. Зохицуулалтын мэдээлэлд үндэслэн тухайн орон нутгийн нүүрсний үйлдвэрлэлийн өөрчлөлтийн хандлага болон аюулгүй байдлын зохицолдлогыг динамикаар дүгнэх шаардлагатай.
“Гуравт хяналт тавьж, заавал биелүүлэх” шаардлагад үндэслэн нүүрсний үйлдвэрлэл огцом буурсан, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын асуудал ноцтой байгаа бүс нутаг болон аж ахуйн нэгжүүдийг нэн даруй нэг бүрчлэн засаж сайжруулахыг шаардана. Нүүрсний уурхайн аюулгүй байдлын хяналт, шалгалтын байгууллагуудтай мэдээлэл хуваалцаж, засан сайжруулах явцад тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэнэ. Нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, ухах (хөрс хуулах) ба олборлох ажлын тасралтгүй залгамж чанарыг тасралтгүй оновчтой болгон, тоног төхөөрөмжийн өдөр тутмын техникийн үйлчилгээг сайжруулна. Орон нутгийн тэмдэглэлт баяр, томоохон арга хэмжээний үеэр нүүрсний уурхайн үйл ажиллагааг шалтгаангүйгээр бүрэн зогсоохыг тушаахгүй.
3. Зогссон уурхайнуудын ажиллагааг аюулгүй, дараалалтайгаар дахин эхлүүлэх ба төлөвлөгөөт хүчин чадалд хүргэх
Орон нутгийн нүүрсний салбарын удирдах байгууллагууд харьяа бүс нутагтаа зогссон уурхайнуудыг нэг бүрчлэн бүртгэж, зогссон шалтгааныг тодруулан, тухайн мужийн хувьд асуудлыг ангилан шийдвэрлэх төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулна. Аюулгүй байдлын эрсдэлийг илрүүлж зассан уурхайуудыг технологийн горимын дагуу шалгаж хүлээн авах ажлыг шуурхай, дараалалтай зохион байгуулна.
Тохиромжгүй “бөөгнөрөн давхралдах” буюу сохор туршилт, давхардсан сэргээлтээс сэргийлнэ. Урт хугацаагаар зогссон, сэргээх боломжгүй уурхайнуудыг системтэйгээр зах зээлээс гаргах чиглэл баримтална. Осол аваар гарах эрсдэлтэй, хууль бус үйлдэл гаргасан уурхайнуудыг хуулийн дагуу зогсоон засуулна. Ердийн эрсдэлтэй уурхайнуудад засан сайжруулах удирдамж өгч, эрсдэл нь аюулгүй байдал болон тогтвортой нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлнэ.
4. Нүүрсний үйлдвэрлэлийн бодлого, арга хэмжээг оновчтой болгож сайжруулах
Барилга угсралтын шатанд байгаа нүүрсний уурхайнуудын туршилтын ашиглалтын хүлээн авалтыг түргэтгэж, хэвийн ашиглалтын уурхай болгон хурдан шилжүүлж, дэвшилтэт олборлолтын хүчин чадлыг үр дүнтэй чөлөөлнө. Одоогийн нүүрсний нийлүүлэлтийн хүндрэлтэй нөхцөл байдалд тохируулан, бодит үйлдвэрлэл нь төлөвлөгөөт (батлагдсан) хүчин чадлаас давсан уурхайнуудад хуулийн дагуу торгууль нөхөн ногдуулж, үйлдвэрлэлийг түр зогсоон засуулсны үндсэн дээр Мужийн түвшний нүүрсний салбарын удирдах газар болон аюулгүй байдлын хяналтын байгууллага хамтран аюулгүй байдлын үнэлгээ хийнэ.
Үнэлгээгээр аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд Мужийн ардын Засгийн газрын зөвшөөрлөөр энэ оны 12 сарын эцэс хүртэл сарын гарцыг батлагдсан хүчин чадлын 1/12-оос хэтрүүлэхгүйгээр үлдсэн саруудын үйлдвэрлэлийг зохион байгуулж болно. Нүүрсний хүчин чадлын нөөцийг цаг тухайд нь чөлөөлж, ашиглалтад орсон нөөцийн уурхайнуудад тоног төхөөрөмжийг тохируулах, ажилчдыг хуваарилах, үйлдвэрлэлийг оновчтой болгох замаар ашиглахад бэлэн байдлыг хангана.
5. Хүчин чадлаас давж олборлосон нүүрсний уурхайнуудыг ангилан зохицуулах
Үндэсний эрчим хүчний газар нь холбогдох салбаруудтай хамтран уурхайнуудыг нягтлан шалгаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, дахин тохируулах бодлогыг шинэчлэн боловсруулна.
Орон нутгийн нүүрсний салбарын удирдах байгууллагууд Үндэсний эрчим хүчний газар болон Уул уурхайн аюулгүй байдлын хяналтын газрын удирдамжийн дагуу хүчин чадлаасаа давсан уурхай бүрийг нарийвчлан судалж, дараах шалгууруудаар ангилан зохицуулах санал гаргана:
Шаардлага хангасан уурхайнуудын батлагдсан хүчин чадлын хэмжээг албан ёсоор нэмэгдүүлэх замаар бодит гарцтай нь нийцүүлж, үйлдвэрлэлийг хууль ёсны болгоно.
6. Эрчим хүчний нүүрсний дунд ба урт хугацааны гэрээний хэрэгжилтийг чанд сахих
Муж, бүс нутаг, хотуудын эрчим хүчний эрх бүхий байгууллагууд цахилгаан болон дулаан үйлдвэрлэлийн нүүрсний нийлүүлэлтийг гол анхаарлаа болгож, нүүрсний болон цахилгаан үйлдвэрлэлийн хоёр талын хариуцлагыг чангаруулна.
Дунд ба урт хугацааны гэрээний биелэлтийн хувийг дээшлүүлж, үнийг зүй зохистой интервалд тогтвортой барих шаардлагатай. Шаньси, Шэньси, Өвөр Монгол, Шинжаан зэрэг нүүрсний гол үйлдвэрлэгч бүс нутгуудын захиргаа нүүрсний аж ахуйн нэгжүүдийн нийлүүлэлтийн бүтцийг оновчтой болгож, ахуйн дулаан ба цахилгааны нүүрсний нийлүүлэлтийн эзлэх хувийг нэмэгдүүлэхэд анхаарна.
7. Импортын нүүрсний нөхөн зохицуулах ролийг үр дүнтэй ашиглах
Дотоодын нүүрсний үйлдвэрлэл болон импортын нүүрсний уялдаа холбооны механизмыг сайжруулж, олон улсын нүүрсний нөөцийг ашиглан дотоодын зах зээлийн үнийн хэлбэлзлийг бууруулна. Холбогдох орон нутгийн эрчим хүчний салбар дотоодын нийлүүлэлт, агуулахын үлдэгдэл, зах зээлийн үнийн хандлагатай уялдуулан импортын хэмнэл, масштаб заагийг динамикаар тохируулна.
Зүүн өмнөд бүсийн далайн эрэг дагуух бүс нутгуудын нүүрсний хэрэгцээг нэн тэргүүнд хангаж, импортын сувгийг олон талт болгон, аж ахуйн нэгжүүдийн импортын өртгийг бууруулна. Чанаргүй, бохирдол өндөртэй нүүрсний импортыг чанд хязгаарлаж, цэвэр, үр ашигтай нүүрсний импортыг дэмжинэ.
8. Нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлын залгамж чанарыг тасралтгүй хангах
Нүүрсний салбарын “Арван тавдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний дагуу Шаньси, Баруун Өвөр Монгол, Зүүн Өвөр Монгол, Баруун Шэньси, Шинжааны нүүрсний баазуудыг үргэлжлүүлэн бэхжүүлнэ. Шинэ барилга ажил, өргөтгөлийн төслүүдийг батлах, шаардлагатай бичиг баримтуудыг шуурхай олгоход салбар хоорондын кооперацийг дэмжиж ажиллана.
Ашиглалтад ороход бэлэн болсон уурхайнуудыг хурдан хугацаанд ашиглалтад оруулж, дэвшилтэт олборлолтыг нэмэгдүүлнэ. Хуучирсан, аюулгүй байдал болон байгаль орчны шаардлага хангахгүй, нөөц нь дуусаж байгаа уурхайнуудыг үе шаттайгаар хааж, нүүрсний үйлдвэрлэлийн бүтцийг үргэлжлүүлэн сайжруулна.
2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр (Хэвлэн тараасан огноо: 2026 оны 9 дүгээр сарын 17)
БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ,
ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ ТАМГЫН ГАЗАР
ҮНДЭСНИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗРЫН
ЕРӨНХИЙ ХЭЛТЭС
УУЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ СЕРТИФИКАТЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХЭЛТЭС