МОНГОЛЫН УУЛ УУРХАЙ 360°: БАЯЛАГ, БОДЛОГО, ИРЭЭДҮЙ
1 Өдрийн өмнө
163
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙ 360°: БАЯЛАГ, БОДЛОГО, ИРЭЭДҮЙ

Монголын уул уурхайн салбарын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, ханган нийлүүлэгчид, судлаачид, орон нутгийн төлөөлөл болон олон улсын түншүүд жилдээ нэг удаа нэг дор цуглаж, салбарынхаа асуудал, шийдэл, хөгжлийн чиглэлийг нээлттэй ярилцдаг “Mining Week & MinePro” тав дахь жилтэйгээ золголоо.

Энэ удаад “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, олон улсын түншлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, 15 улсын 3,500 гаруй төлөөлөгч оролцож, 135 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник, технологийн шийдлээ танилцууллаа. Оролцогч талууд эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцсэн үндсэн хуралдаануудаас гадна 16 салбар хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтад оролцон, ирээдүйн чиглэлийг цогцоор нь тодорхойлохыг зорив.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх байр суурь өндөр хэвээр байгаа ч газрын хэвлийн баялаг дангаараа тогтвортой өсөлтийн баталгаа болж чадахгүй. Харин түүнийг хэрхэн судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж, боловсруулан нэмүү өртөг шингээж, үр өгөөжийг нь иргэд болон орон нутагт хүртээхээс салбарын бодит үнэ цэн хамаарна.

НОГООН ШИЛЖИЛТ УУЛ УУРХАЙН ЭРЭЛТИЙГ УЛАМ НЭМЭГДҮҮЛНЭ

Дэлхийн эрчим хүчний шилжилт Монгол Улсад шинэ боломж нээж байгааг чуулганы үеэр онцлов. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл, батарей болон эрчим хүч хадгалах технологийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр зэс, уран, газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын эрэлт өсөж байна.
Арга хэмжээний нээлтийн үеэр салбарын сайдын танилцуулсан мэдээллээр дэлхийн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 3.4 их наяд ам.долларт хүрсний 2.2 их наяд ам.доллар нь цэвэр эрчим хүчний технологид чиглэжээ. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2023 оны 3,700 ГВт-аас 2028 онд 7,300 ГВт, 2030 онд 11,000 ГВт-д хүргэхээр зорьж байна.


Энэ шилжилт уул уурхайн салбарын ач холбогдлыг бууруулах бус, улам нэмэгдүүлж байгаа юм. Чухал ашигт малтмалгүйгээр батарей, цахилгаан автомашин, салхин сэнс, нарны хавтан үйлдвэрлэх боломжгүй. Иймээс Монгол Улс дэлхийн ногоон шилжилт, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд өөрийн байр суурийг эзлэх, үүний тулд геологийн судалгаа, хайгуул, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын бодлогыг нэг чиглэлд уялдуулах шаардлага тулгарч байна. 

БҮРТГЭГДСЭН НӨӨЦ ИХ Ч НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Монгол Улсад зэсийн 59.7 сая тонн, нүүрсний 39.8 тэрбум тонн, төмрийн 2.2 тэрбум тонн, Оюу толгойн нөөцийг оруулаагүй дүнгээр алтны 562.8 тонн, цайрын 5.1 сая тонн, жоншны 37.9 сая тонн, ураны 192.2 мянган тонн, газрын тосны 32.6 сая тонн нөөц бүртгэгдсэн талаар Уул уурхайн 7 хоногийн үеэр танилцуулсан.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 1:200 000-ны масштабтай геологийн зураглал бүрэн хийгдсэн боловч 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хамрах хүрээ 49.7 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, улсын нутаг дэвсгэрийн талаас илүү хэсэгт нарийвчилсан геологийн судалгаа хийх хэрэгцээ байсаар байна. Өнөөдөр олборлож буй орд, ашиглаж буй нөөц нь олон жилийн өмнө хийсэн геологи, хайгуулын ажлын үр дүн учраас шинэ судалгаагүйгээр салбарын дараагийн өсөлт бий болохгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулав.


ХАЙГУУЛЫН САЛБАРЫГ СЭРГЭЭХ ШААРДЛАГА

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн хэмжээ Монголд бусад уул уурхайн оронтой харьцуулахад бага байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 21 хувь нь тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд тооцогдож буй бол Казахстанд 59 хувь, Австралид 65 хувь байна.
Монгол Улсад нийт 2,862 тусгай зөвшөөрөл байгаагаас 1,760 нь ашиглалтын, 1,102 нь хайгуулын зөвшөөрөл бөгөөд эдгээр талбай нийт нутаг дэвсгэрийн 4.8 хувийг эзэлж байна. Үүнээс ашиглалтын талбай 1.2 хувь, хайгуулын талбай 3.6 хувьтай байгаа нь шинэ орд илрүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна.

Ийм нөхцөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хэлбэрээр бус, сонгон шалгаруулалт болон гэрээний үндсэн дээр олон хувилбараар олгох, хувийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх эрх зүйн боломжийг нээх талаар хэлэлцэв. Мөн геологийн мэдээллийг цахимжуулж, хөрөнгө оруулагчдад нээлттэй, хүртээмжтэй болгох нь мэдээллийн эрсдэлийг бууруулж, хайгуулын хөрөнгө оруулалтыг сэргээхэд чухал нөлөөтэйг тэмдэглэсэн юм. 

mine_260916_week 

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НӨӨЦӨӨС ИЛҮҮ ЗАСАГЛАЛ ТОДОРХОЙЛЖ БАЙНА

Монгол Улс геологийн нөөц давуу боловч уг боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгааг өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд харуулж байна. Олон улсын 68 оролцогчийг хамруулсан судалгаагаар Монгол Улс эрдэс баялгийн нөөц бололцооны үзүүлэлтээр 70 оноо авч 23 дугаарт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийн үзүүлэлтээр 60 оноотой 48 дугаарт, бодлогын төсөөллийн үзүүлэлтээр 45 оноотой 56 дугаарт эрэмбэлэгдсэнийг МУУҮА-ийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир илтгэлдээ онцлов.
Газрын хэвлий дэх нөөцдөө бус, нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого, зохицуулалт, засаглалд анхаарах шаардлагатай байгааг тод харуулж байна. Хөрөнгө оруулалт татахын тулд тоглоомын дүрмээ тодорхой тогтоож, тогтвортой, ойлгомжтой хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай.

САЛБАРЫНХАНД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ

Уул уурхайн 7 хоногийг бодлогын гол сэдэв нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт байлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 13 жил яригдсан уг өөрчлөлт УИХ-аар батлагдах шатанд хүрснийг мэдээлж, хайгуулын хөрөнгө оруулалт, тусгай зөвшөөрөл олголт, боловсруулах үйлдвэрлэл болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах орчныг сайжруулах зорилготойг онцолсон.

Хуулийн шинэчлэлийн хүрээнд чухал ашигт малтмалын ойлголт, ангиллыг хуульчлах, геологийн суурь судалгаа, эрлийн ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэх, үр дүнд нь үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрхийг зохицуулах, баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн зөвшөөрлийг тодорхой болгохыг зорьжээ. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулахыг хориглож, төр, хөрөнгө оруулагч, орон нутаг, иргэдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатайг онцлов.

Түүнчлэн, татвар, төлбөрийн бодлогыг төслийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын өгөөж, үйлдвэрлэлийн урт хугацааны тогтвортой байдлыг дэмжихэд чиглүүлнэ. Тухайлбал, хоёр оронтой тоонд хүрсэн зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэн бууруулах бодлогын өөрчлөлт хийхийн зэрэгцээ уул уурхайн өгөөжийг ажлын байр, худалдан авалт, дэд бүтэц, татварын хуваарилалтаар дамжуулан орон нутгийн иргэдэд бодитоор хүргэнэ.

mine_week_2609164 УУЛ УУРХАЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ, ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛЦЛИЙН АСУУДЛЫГ АНХ УДАА ОНЦЛОВ

Монголын уул уурхайн салбарын мэдээлэл харилцаа төрийн нэг чиглэлт мэдээллээс компанийн PR, орон нутгийн иргэдтэй харилцах харилцаа, улмаар оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан хэлбэр рүү үе шаттай хөгжиж иржээ.
Гэсэн хэдий ч олон нийтийн дунд уул уурхай байгаль орчныг сүйтгэдэг, усны нөөцийг хомсдуулдаг, баялгийн үр өгөөжийг цөөн хүн хүртдэг, компанийн нийгмийн хариуцлага нь нэр хүндээ өсгөх оролдлого гэх ойлголт байсаар байна.
Олон нийтийн үл итгэх байдал, мэдээллийн зөрүү, маргааны суурь шалтгааныг судалж, бодит асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймээс салбарын мэдээлэл харилцаа “бид юу хийснээ мэдээлэх” хандлагаас нөлөөлөлд өртөгч талуудтай хамтран асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх олон талт харилцаанд шилжих ёстойг онцлов.
*** *** ***
“Mining Week & MinePro 2026”: Геологийн нарийвчилсан судалгааг эрчимжүүлэх, хайгуулын хөрөнгө оруулалтыг сэргээх, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг тогтвортой хэрэгжүүлэх, чухал ашигт малтмалын бодлогыг тодорхой болгох, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, ашигт малтмалын эдийн засгийн үр өгөөжийг орон нутагт бодитоор хуваарилах  зэрэг тулгамдсан асуудлуудыг төр, хувийн хэвшил дангаараа шийдвэрлэх боломжгүй. 
Жил бүр салбарын оролцогч талуудыг нэг дор цуглуулж, асуудлаа нээлттэй ярилцан, хамтын шийдэл эрэлхийлдэг “Mining Week & MinePro” таван жилийн хугацаанд Монголын уул уурхайн салбарын нэгдсэн хэлэлцүүлгийн гол талбар болон төлөвшжээ. Цаашид энэхүү хэлэлцүүлгүүдээс гарсан санал, шийдлийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь чухал.


М.ДЭЛГЭРЖАРГАЛ, МУУҮА

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.