“УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ&МАЙНПРО 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
20 Цагийн өмнө
78
“УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ&МАЙНПРО 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн үеэр хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, уул уурхай, байгаль орчны салбарын уялдаа холбоог ханган, орон нутаг болон иргэдэд бодит үр өгөөж хүртээх нь чухал гэдгийг онцоллоо.

“Уул уурхайн 7 хоног & МайнПро 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд эхэллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ энэ жил “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” үндсэн чиглэлийн хүрээнд тав дахь жилдээ болж байна.

mine_week_2609163 
Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн үеэр хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, уул уурхай, байгаль орчны салбарын уялдаа холбоог ханган, орон нутаг болон иргэдэд бодит үр өгөөж хүртээх нь чухал гэдгийг онцоллоо.

Нээлтийн үндсэн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тавьж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, хөрөнгө оруулалтын боломж, мөн Ашигт малтмалын тухай хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцууллаа.

mine_week_2609164 
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварын талаар танилцуулж, геологийн нөөц, боломж өндөр боловч бодлогын орчин, засаглал, дэд бүтэц, орон нутгийн харилцаатай холбоотой асуудлууд хөрөнгө оруулалтад нөлөөлж байгааг онцлов.


Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөхөд уул уурхайн үйлдвэрлэл чухал хувь нэмэр оруулсан бөгөөд тус салбар аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байна.


Гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний хүрээнд үндсэн хуралдаануудаас гадна 16 салбар хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт зохион байгуулагдаж, дэлхийн ногоон шилжилт дэх Монгол Улсын байр суурь, эрдэс баялгийн хөрөнгө оруулалт, уул уурхай болон эрчим хүчний уялдаа, нүүрсний салбарын ирээдүй, хариуцлагатай уул уурхай, хүний нөөц, технологийн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм. 


Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, уул уурхайн компани, ханган нийлүүлэгч болон салбарын мэргэжилтнүүдийг нэг дор холбож буй “Miningweek & Minepro2026” арга хэмжээ есдүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.