“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК: Нийт засварын ажлыг 10 дугаар сард багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна
3 Цагийн өмнө
122
 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК:  Нийт засварын ажлыг 10 дугаар сард багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна

Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд мөрдөж ажиллах нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж, биелэлтийг дүгнэн ажилладаг. Энэхүү зохицуулалтын хүрээнд эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд хийж, 2026-2027 оны өвлийн их ачааллын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь цахилгаан түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн засвар шинэчлэл, шугам сүлжээний өргөтгөл, техникийн үзлэг шалгалт, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх цахилгаан эрчим хүчний тасалдлыг бууруулах ажлуудыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2026 онд Улаанбаатар хотын 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536196 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулахаар төлөвлөгөөт урсгал засварын ажлаар 3323 дэд станц, шугам тоноглолын засварын ажлыг гүйцэтгэж байна. Засварын ажлын гүйцэтгэл 99%-тай байна.

Их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлаар 120 нэр төрлийн 172 багц ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн одоогоор 50% гүйцэтгэлтэй байна.

Нийт засварын ажлыг 10 дугаар сард багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна. 2025-2026 оны өвөл 110/35/10 кВ-ын Налайх дэд станцаас 35 кВ-ын Баянзүрх-А ЦДАШ-ын ачаалал 93%-д хүрч горим хүндэрсэнтэй холбоотойгоор найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2 хэлхээт болгон ачааллыг хөнгөлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хужирбулан, Гачуурт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа сайжрах юм.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.