Нүүрсийг гүн боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ
1 Өдрийн өмнө
37
Нүүрсийг гүн боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцлаа.
 
NORINCO Group-ийн зүгээс харъя нефт боловсруулах үйлдвэрээс нийлүүлэлт хийх бэлтгэл хангах талаар ажиллаж, эхний ээлжид БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос экспортын квотыг тодорхой болгох, үүний дараа тээвэр, ложистик, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
 
Мөн Монголын Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд технологийн болон хөрөнгө оруулалтын түншлэл бий болгох боломжийг судлахаар ярилцлаа.
 
NORINCO Group нь Монгол Улсад геологи, хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхлоо мөн илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт болон нүүрсийг гүн боловсруулах хоёр үндсэн чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудлаар талууд санал нэгдэв.
 
 
 
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.