China Mining-2026 олон улсын арга хэмжээнд 60 гаруй улс орон нэгдэж, 658 компани оролцохоор бүртгүүлжээ
China Mining-2026 олон улсын уул уурхай, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотын Тяньжин Мэйжиан Олон улсын хурлын төвд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын хувьд гурав дахь жилдээ энэ удаа оролцох бөгөөд өөрийн орны эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин, төсөл хөтөлбөрийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах, харилцан түншлэх хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх юм. Төр, хувийн хэвшлийн түвшинд оролцож, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийг танилцуулна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци тэргүүтэй оролцоно.
28 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээг БНХАУ-ын Байгалийн баялгийн яам, Тяньжин хотын Ардын Засгийн газар, Хятадын Уул уурхайн ассоциаци хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 60 гаруй улс орон өөрсдийн хамтын ажиллагааны боломжоо танилцуулна.
China Mining-2026 нь 1 үндсэн, 6 өндөр түвшний, 21 тусгай хуралдаан буюу нийт 28 форум ирэх өдрүүдэд зэрэгцэн явагдах юм.
"Хамтран ажиллаж, хамтдаа хожих-Ногоон, ухаалаг" агуулга дор энэ жилийн China Mining 2026 арга хэмжээ болно.
Үзэсгэлэнгийн хувьд зохион байгуулагдсан цагаасаа хойш хамгийн том хэмжээтэй буюу 65,000 м² талбайг хамарч, 25 улс болон бүс нутгийн 658 орчим компани оролцохоор бүртгүүлсэн байна.