“Эрдэнэс Тавантолгой” ХК-д хийгдсэн хөндлөнгийн санхүүгийн аудит дуусаж, хөрөнгийн болон бизнес үнэлгээний ажил эхэлжээ
1072 хувьцааг өвлүүлж, бэлэглэж, арилжих эрхийг нээх ажил 2027 оны төсвийн төсөлтэй хамт хөдөллөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-г нээлттэй компани болгоно гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн. Энэ яриа шинэ биш л дээ. Олон жил ийм яриа үргэлжилж, бараг л амны уншлага мэт давтагдах болсоон. Зарим нь залхаж, зарим нь их хүлээсэн. Улстөрчдийн, тэр тусмаа төрийн эрх баригчдийн олон, олон сонгуулийн оноо авах сэдэв нь байсан. Цаг нь болсон, болоогүй гэх маргаан, талцал энэ дунд нийгэмд тасралтгүй өрнөсөн. Тэгвэл урт түүхтэй яриаг "уламжлах" бус эцэслэх ажлыг эрчимжүүлж, дуусдаггүй яриаг дуусгана гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдээд, 1072 хувьцаа бүртгэл төдий бус бүрэн мөнгөжсөн хувьцаа болно гэж онцлов.
Уул уурхайн салбарт төдийгүй Монголын бизнесийн орчинд нүүрсний экспорт түшиглэсэн хамгийн том компани нь "Эрдэнэс Тавантолгой" болж, өнгөрсөн хугацаанд сайн, муу олон нэр зүүсэн. Нүүрсний хулгай, ногдол ашиг гээд ярих намтар нь зузаарсан. Энэ компани 17 жилийн түүхийг бүтээж яваа. Хүний насаар бодоход асар ч богино боловч бизнесийн мөчлөгт урт хугацаа гэдгийг харуулж байгаа. Дампуурах дээрээ тулж байсан компани одоо тэлэлтийн зам мөрөө бий болгож, орлого, олборлолт, экспортын биет хэмжээ, дүн нь нэмэгдэх тусмаа л улстөрчдийн анхаарлыг ихээр татаж, ашиг сонирхлын хүрээ хязгаар өргөжсөөр байгаа юм. Тиймээс эдгээрийг чөдөрлөх, явцуу эрх ашгаас хамгаалах, орлогыг хулгайд бус ногдол ашигт, шахааг хэсэг бүлэг этгээдэд бус нээлттэй зах зээлд даатгах ажлыг Н.Учралын Засгийн газар эхлүүлж байна.
Энэ ажлын хөрс суурийг бэлдэх үйл явц ажлын талбарт дорвитой урагшилж, "Эрдэнэс Тавантолгой"-д хийгдсэн олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудит дуусаж, олон улсын хөндлөнгийн хөрөнгийн болон бизнес үнэлгээний ажил эхэлсэн гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж мэдэгдлээ.
"Эрдэнэс Тавантолгой" өөрийн хамаарал бүхий олон төслийг өнгөрсөн хугацаанд мөнгөжүүлж, нүүрсээ тээвэрлэх, нэмүү өртөг шингээх суурь дэд бүтцээ угсарч, үйлдвэрээ байгуулж, шинэ ордыг нээж, өөрийн үнэлгээг өсгөж ирсэн. Нийгмийн хариуцлагын шинжтэй төслүүдэд ч хөрөнгө мөнгө ихээр зарсан. Иргэн бүр байгалийн баялгаасаа хувь хишиг хүртэж, ногдол ашиг авах замаар хөрөнгийн зах зээлийн мөн чанарыг тавьж, 1072 хувьцаагаар дамжуулж баялгийн эзэн байх үүд хаалга аль 2012 онд нээгдсэн. Гэвч энэ бүхэн бүрэн дүүрэн байсангүй.
Иргэдэд 1072 хувьцаа олгосон нэртэй ч өмчлөх, өвлүүлэх эрх нь түгжээтэй байлаа. Тэр тусмаа нээлттэй компани болгох ажил урагшлах бус гацсан, зөвхөн сонгуулийн өмнө эсвэл нүүрсний үнэ сайтар жилүүдэд алгаа дэлгэх мэт иргэдэд ногдол ашиг олгодог чиглэлтэй байлаа. Харин одоо эдгээрийг өөрчлөх, хөрөнгийн зах зээлийн ном журмаар ажилладаг компани болгох, хулгайтай тэмцэх, хуудуутай гэрээг цэгцлэх, цэвэрлэх, чөлөөлөх ажил "Эрдэнэс Тавантолгой"-д эхэлж байна.
1072 хувьцааг өвлүүлж, бэлэглэж, арилжих эрхийг нээх ажил 2027 оны төсвийн төсөлтэй хамт хөдөллөө.