Эрчим хүчний сайд Б.Найдалаа Багануур дүүрэг дэх “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” болон “Багануурын дулааны станц” ТӨХК-д ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах үүрэг даалгавар өглөө. Мөн тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар хэлэлцлээ.
Монгол Улсын төвийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нүүрсний хэрэглээний 80-90 хувийг хангаж буй Багануурын уурхай, Багануур дүүргийн дулаан хангамжийг нийлүүлдэг Багануурын дулааны станцын тоноглолын найдвартай тасралтгүй ашиглалт, үйлдвэрлэлийн шуурхай ажиллагаа нь сүүлийн 10-15 жилд алдагдсан. Батлагдсан тариф нь өртгөө нөхдөггүй, алдагдал хүлээдэг, улмаар шаардлагатай засвар, үйлчилгээг хийж чаддаггүй, үндсэн болон туслах тоноглолын ашиглалтын хугацаа дууссан зэргээс шалтгаалж байгааг удирдлагууд хэллээ.
Үүнтэй холбоотойгоор “Багануурын дулааны станц”-ын санхүүгийн үзүүлэлтүүдийг салбарын сайдад танилцуулж, үнэ тарифтай холбоотой асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд саналаа хүргүүлээд байгаа гэв.
Өмнө нь дөрвөн зуух бүрэн шинэчлэх хүсэлт гаргасан ч одоо болтол шийдэгдээгүй, өдгөө 158 МВт-ын дулааны станц барих талаар яригдаж байгаа гэлээ. Дээрх дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа ороод байгаа ч нийслэлийн удирдлагаас ирж танилцаад, дулааны станц бус, дулааны цахилгаан станц барих нь зүйтэй гэсэн байна. Ийнхүү шинэ эх үүсвэр барина гэхээс урьтаж одоогийн дулааны станцаа горимын дагуу хэвийн, тасралтгүй ажиллуулахад анхаарах шаардлага үүсжээ.
Тодруулбал, эхний ээлжид дөрвөн зуух, дөрвөн шахуургыг бүрэн шинэчлэх, мөн 1987 онд ашиглалтад оруулсан үнсэн санг цэвэрлэх шаардлагатай болжээ. Эдгээр ажлыг хийхгүй бол дулааны станц цаашид хэвийн ажиллах боломжгүйд хүрэхээр байгааг танилцуулав.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Багануурын дулааны станц” ТӨХК 24 нэр, төрлийн томоохон ажил хийхээр төлөвлөснөөс өдгөө гүйцэтгэл нь 82.1 хувьд хүрсэн байна. Зарим ажлыг гүйцэтгэх хугацаа болоогүй байгаа аж. Дээрх 24 нэр, төрлийн ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжтойг мөн дурдсан юм.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Багануурт нэг бол дулааны станц, эсвэл дулааны цахилгаан станц барина гэж янз бүрийн асуудал яригдаж байгааг ойрын хугацаанд эцэслэн шийднэ. Шинэ эх үүсвэрээс үл хамаараад одоо байгаа дулааны станцаа тордон, хэрэглэгчдийг дулаанаар тасралтгүй хангах ёстой” хэмээн тодотгов.