Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг 2027 оны хавар ашиглалтад оруулж, туршилтын тээврийг эхлүүлнэ
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар (2026.08.27) Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад албан томилолттой ажиллаж байна. Сайд нар энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа. Төслийн гүүрэн байгууламжийн хүрээнд баригдах нийт 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, гүйцэтгэл 100 хувьд хүрсэнтэй холбогдуулан холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 49.27 хувьтай үргэлжилж байна.
Төслийн хүрээнд 2,382 шон суурь үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн 291 доод хөндлөн нурууг үйлдвэрлэн бэлэн болгосон байна. Нийт 594 дам нуруу үйлдвэрлэж бэлэн болгосны 296 дам нурууг угсраад байна.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан туршилтын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж буйг албаныхан энэ үеэр танилцууллаа. Одоогоор тулгамдсан асуудал байхгүй, төлөвлөгөөт ажил хоёр улсын талаас графикийн дагуу явж байгааг онцоллоо.
Энэхүү Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, тээврийн харилцаанд чухал ач холбогдолтой шинэ төмөр замын коридор бий болж, экспортын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Тус төмөр замаар жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломж бүрдэж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллараар өсгөх эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн эдийн засгийн тооцоолол бий.
Мөн төслийн хүрээнд 200 байнгын болон 800 түр ажлын байр шинээр бий болох бөгөөд Монгол Улсын экспортын гол гарцын нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, хугацааг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Өнөөдөр ийнхүү хил дамнасан төмөр замын төслийн гүүрэн байгууламжийн гол бүтээцийн нэг болох 291 тулгуурын ажлыг бүрэн дуусгаснаар гүйцэтгэгч байгууллагууд, төслийн ажлыг гардан гүйцэтгэж буй инженер технийкийн ажилтнуудын хувьд дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх суурь бүрдэж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн яам