НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбат “Эрдэнэт үйлдвэрийн ус ашиглалт, усны зохистой хэрэглээ, усны нөөцийн сайн менежмент” сэдвээр илтгэл танилцууллаа.
Монголын уул уурхайн салбартаа усны хэрэглээгээр тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэр жилд 20.9 сая м3 ус хэрэглэдэг. Байршиж буй газар зүйн онцлог, зэсийн баяжмал үйлдвэрлэх тасралтгүй ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч Эрдэнэт хотоос 65 км-ийн алс Сэлэнгэ мөрний ай саваас цэвэр ус олзворлон, технологийн хэрэгцээнд 83 орчим хувийг нь хэрэглэж байна. Харин үлдсэн хэсгийг нь Орхон аймгийн хүн ам, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд түгээдэг.
Эрдэнэт үйлдвэр байгалийн шавхагддаг баялаг болох усны нөөцийг хэмнэлттэй, үр дүнтэй, нөхөн сэргээгдэх байдлаар ашиглах зорилгоор технологийн процесст хэрэглэж буй усны хэрэглээг бууруулах, цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэрлэсэн ус болон саарал усыг дахин ашиглах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулсан юм. Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй жишиг нормоор нэг тонн зэсийн баяжмал боловсруулах усны хэмжээ 4.1 орчим м3 байдаг бол Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2.82 м3 байна. Өөрөөр хэлбэл, усны хэрэглээг 31 хувиар бууруулжээ. Мөн Эрдэнэт хотын хүн ам, аж ахуйн нэгжээс гарч буй ахуйн бохир усыг цэвэрлэн, 50 орчим хувийг нь үйлдвэрлэлд ашиглаж байна. Цаашид 100 хувь ашиглах зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.
“Усны өдөр”-т Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Багануур” ХК, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, усны менежментийн бодлого, төсөл, санаачилгаа танилцуулан туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ