Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэ-г хүлээн авч уулзжээ. Уулзалтаар нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар ярилцжээ.
“Чайна Энержи” Компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг. Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийлжээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй. Тэгвэл бидний урдхан талд жилдээ 1 сая тонн шатахууныг нүүрснээс гарган авч, ашиглаж байна. Бид ч гэсэн нүүрсээ шингэрүүлж, дотоодын хэрэглээнийхээ шатахууны тодорхой хувийг хангах цаашлаад экспортлох бүрэн боломж бий. Бодит ажил хэрэг болгоно" хэмээн онцолжээ.