“Оюу толгой” ХХК-н үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж, металл авалт сайжирсаар байна
51 Минутын өмнө
36
“Оюу толгой” ХХК-н үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж, металл авалт сайжирсаар байна
"Оюу толгой"-н үйлдвэрлэл гүний уурхайд илүүтэй төвлөрч байгаа хэдий ч ил уурхайн олборлолт хэвийн үргэлжилсээр байна. Ил уурхай нь гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжих хүртэл баяжуулах үйлдвэрт тогтмол хүдэр нийлүүлж, хүдрийн агуулгын хэлбэлзлийг тэнцвэржүүлэн, баяжуулах үйлдвэрийн байнгын ажиллагааг хангах бөгөөд аажимдаа туслах үүрэгтэй болох юм.
 
Цагийн явцад хөрс хуулалтын коэффициент нэмэгдэж, геотехникийн хязгаарлалтууд үүсэх тул ил уурхайн олборлолтын хэмжээ аажмаар буурч, гүний уурхай хүдрийн гол эх үүсвэр болно. Оюу толгой үйлдвэрийн ирээдүй гүний уурхайд цаашид түшиглэх юм. Гүний уурхай өндөр агуулгатай хүдэр, блокчлон олборлох технологийн ачаар зардал буурч, үйлдвэрлэн тэлж, мөнгөн урсгал нэмэгдэж, Оюу толгой дэлхийд тэргүүлэх уурхайн нэг болох билээ.
 
"Оюу толгой" компани 2026 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн үзүүлэлтээ танилцууллаа. Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж, баяжмал дахь зэсийн хэмжээ 96.9 мянган тоннд хүрч, агуулгын хэмжээ өсөж, металл авалт сайжирсаар байна.
 
Тус компани тайландаа "Гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, ил уурхай өндөр агуулгатай хүдрийн бүсүүдэд нэвтэрснээр зэс, алтны үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй байна. Үүний үр дүнд 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн гүйцэтгэл өндөр байж, оны үлдсэн хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх баттай суурийг бүрдүүллээ" хэмээн онцолжээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.