Компаниуд оны эхний хагас жилийн санхүүгийн гүйцэтгэл, үр дүнгээ эхнээсээ мэдээлж эхэллээ. Орон нутгийн гэх тодотголтой, саяхан түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн "Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа 2026 оны хоёрдугаар улиралд эрс сэргэж, идэвхжсэн байна. Тус компани тайлант улиралд 1.4 орчим их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоо дахин их өсөлтийг бий болгожээ.
Эргэн сануулахад, "Тавантолгой" ХК 2025 оны эхний хагаст 198.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан.
Компанийн цэвэр ашиг 2026 оны хоёрдугаар улиралд 488.3 тэрбум төгрөгт хүрч, 2025 оны эхний хагасын 64.2 тэрбумаас /төгрөг/ 660.6 хувиар, 2025 оны бүтэн жилийн 183 тэрбум /төгрөг/-аас 166.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Дээрх өсөлтөд нүүрсний үнийн сэргэлт болон биржийн арилжааны хэмжээ огцом нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
"Тавантолгой" ХК-ийн хувьд Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2026 оны эхний хагас жилд нийт 2.76 сая тонн нүүрс 321.1 сая ам.доллараар арилжаалж, жигнэсэн дундаж үнэ 116.1 ам.доллар/тонн болсон нь 2025 оны мөн үетэй харьцуулахад арилжааны хэмжээ 6.1 дахин, дундаж үнэ 33 хувиар тус тус өсжээ.
“Тавантолгой” ХК-ийн хувьцааны 51 хувийг Өмнөговь аймгийн орон нутгийн өмч, 19.8 хувийг “Ажнай Корпораци” ХХК, 16.3 хувийг “Шандас Импекс” ХХК эзэмшиж, үлдсэн 12.9 хувь нь бусад хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байна.