“Оюу толгой”-н гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв
“Оюу толгой” компани 2026 оны II улирлын тайлангаа танилцууллаа. Тайлант улиралд гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Хүдэр дэх зэс, алтны хэмжээ эрс нэмэгдсэн бөгөөд дээрх хугацаанд 96.9 мянган тонн зэс, 127.27 мянган унц алт үйлдвэрлэсэн байна.
- 2026 оны хоёрдугаар улиралд гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.33 ногдлоо. Жилийн зорилтот түвшин 0.27-д хүрэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна.
- Гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, ил уурхай өндөр агуулгатай хүдрийн бүсүүдэд нэвтэрснээр зэс, алтны үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй байна. Үүний үр дүнд 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн гүйцэтгэл өндөр байж, оны үлдсэн хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх баттай суурийг бүрдүүллээ.
- Панель 0-ийн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрсэн нь гүний уурхайн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх төлөвлөгөөний чухал алхам боллоо. Үүний зэрэгцээ Панель 2 Хойд (P2N)-ын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж байгаа нь олборлолтын хэмжээ цаашид тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.
- 2026 оны хоёрдугаар улиралд гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн томоохон засвар үйлчилгээ, төлөвлөгөөт зогсолтын ажлуудыг аюул, осолгүйгээр амжилттай хэрэгжүүллээ. Үүнд гүний уурхайн хүдэр өргөх, бутлах, тээвэрлэх системүүд, ил уурхайн ачилтын техникүүд, мөн баяжуулах үйлдвэрийн бутлуурын туузан дамжуурга болон тээрмийн гол тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ багтав. Эдгээр ажлыг үйлдвэрлэлд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр гүйцэтгэн, оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлийг тогтвортой, найдвартай үргэлжлүүлэх бэлэн байдлыг хангалаа.