"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2026 оны эхний хагас жилд уулын ажлын үндсэн үзүүлэлтүүдээ төлөвлөгөөнөөс давуулан биелүүлжээ
15 Цагийн өмнө
238
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2026 оны эхний хагас жилд уулын ажлын үндсэн үзүүлэлтүүдээ төлөвлөгөөнөөс давуулан биелүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүдийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал болж, үр дүнгээ танилцууллаа. Ил уурхай 2026 оны эхний хагас жилд уулын ажлын үндсэн үзүүлэлтүүдээ төлөвлөгөөнөөс давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулсан үр дүнтэй ажиллажээ.

Тайлант хугацаанд 17.1 сая м³ уулын цул олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас 17.6 сая м³ уулын цул олборлож, төлөвлөгөөг 103.3 хувиар буюу 560 мянган м³-ээр давуулан биелүүлсэн байна. Мөн 21.7 сая тонн хүдэр олборлох төлөвлөгөөтэй байсан бол 22.4 сая тонн хүдэр олборлон, төлөвлөгөөг 103.1 хувиар буюу 677 мянган тонноор давуулсан амжилт үзүүлжээ.

Ил уурхай тайлант хугацаанд 277.5 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 17.6 сая м3 уулын цул олборлож, үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 8.4 хувиар бууруулсан байна.

Мөн 1 м³ уулын цулын нэгжийн өртгийг 11.3 хувиар, 1 тонн хүдрийн нэгжийн өртгийг 11.1 хувиар тус тус бууруулж, үйлдвэрлэлийн үр ашиг, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлжээ.

Үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэл, засварын ажлууд ч төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байгааг мэдээллээ. Тухайлбал, хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн хэрэгжилт 99 хувь, уурхайн хүчиллэг ус зайлуулах шугам хоолойг шинэчлэх ажил 95 хувь, хүчиллэг ус цуглуулах бассейнуудын цахилгаан хангамжийн ажил 99 хувь, эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн ажилчдын хоолны заалны өргөтгөлийн ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг Баяжуулах үйлдвэрийн хувьд 2026 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн бүх үзүүлэлтээ төлөвлөгөөнөөс давуулан биелүүлсэн амжилтыг тайландаа онцлов. Тодруулбал, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 526 мянган тонноор давуулан биелүүлж, зэсийн баяжмалд 3,740.03 тонн зэс, молибдены баяжмалд 97.45 тонн молибденыг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэжээ.
 
Мөн зэс авалтыг 0.48 хувь, молибден авалтыг 1.87 хувиар тус тус давуулан биелүүлснээр үйлдвэрлэлийн үндсэн бүх үзүүлэлт 100-аас дээш хувийн биелэлттэй гарсан байна. Үүнээс гадна нийт зардлыг 685.74 тэрбум төгрөгөөр, төлөвлөснөөс 681.17 тэрбум төгрөгөөр гүйцэтгэн 4.57 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллаж, нэг тонн хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг төлөвлөгөөтэй харьцуулахад 3.24 хувиар бууруулсан нь үйлдвэрлэлийн үр ашиг, зардлын удирдлагыг сайжруулсны илрэл болсныг онцлон танилцууллаа.

Мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу “Liebherr R9350E” маркийн нэг экскаваторыг угсарч ашиглалтад оруулсан нь уулын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна уурхайн хяналтын системийн тоноглолуудыг шинэчлэн сайжруулжээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.