Г.Дамдинням: 30 гаруй жил ярьсан шатахууны нөөцийн саваа нэмэгдүүлэх яриа эрчимтэйгээр бодит ажил болж байна
6 Цагийн өмнө
62
Г.Дамдинням: 30 гаруй жил ярьсан шатахууны нөөцийн саваа нэмэгдүүлэх яриа эрчимтэйгээр бодит ажил болж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжиж буй шатахуун хадгалах агуулах, савны хүчин чадлыг улсын хэмжээнд нэмэгдүүлэх төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2024-2028 онд шатахууны нөөц хадгалах агуулах савны хүчин чадлыг ердийн хэрэглээний 3-6 сарын нөөц хадгалах чадалтай болгож нэмэгдүүлэх зорилт тавьсан байдаг.
Энэ зорилтыг үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж ирсэн ч хэрэгжилт хангагдахгүй явсаар ирсэн дуусдаггүй яриа байлаа. Тус дуусдаггүй яриаг Н.Учралын Засгийн газар бодит ажил болгон эрчимтэй хэрэгжүүлж байна.
Эхний үе шатанд улсын хэмжээнд 18 аж ахуйн нэгжийн 22 шатахуун хадгалах, агуулах сав баригдаж 85% хүртэл гүйцэтгэлтэй байна. Нийт 300000 м/кубээр хүчин чадлаа нэмэгдүүлж нэг сарын хэрэглээний нөөцөө хадгалах хүчин чадалтай болох юм.

2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахууны хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх тус бодлогыг үргэлжлүүлнэ. Үүний үр дүнд, 2028 он гэхэд улсын нийт хэрэглээний гурван сар хүртэлх хэрэглээг хадгалах хүчин чадалтай болно. Ингэснээр богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдлийг бодьтой бууруулах боломж бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар,

Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Тэс Петролиум” ХХК-ийн шатахуун хадгалах, агуулах 4400 м/кубийн хүчин чадалтай байсныг өргөтгөж 3 дахин буюу 10000 м/кубээр нэмэгдүүлж байна. Нийт 14400 м/кубийн хүчин чадалтай болгох ажил дуусах шатандаа оржээ. Үүний үр дүнд, Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах хүчин чадал 30 хувиар өсөж байна. Ингэснээр Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв аймгуудын шатахууны хэрэгцээг хангахад бодитой ахиц гарах юм. Өмнө нь, Дархан-Уул аймаг зөвхөн төвийн бүсийн хойд хэсгийн хангалтыг хариуцаж ажилладаг байсан бол одоо Улаанбаатар хотод шатахууны дутагдал үүссэн үед нөхөх дэмжлэг үзүүлэх хүчин чадалтай болж байна.

“Шунхлай” ХХК-ийн 80000 тонн буюу 98000 м/куб хадгалах хүчин чадалтай сав дөрвөн төрлийн бүтээгдэхүүн барих суурийн ажил үндсэндээ дуусаж байна. Өргөтгөлийн талбайд нэг дор 40 вагон, хоногт 340 орчим вагон буулгах хүчин чадалтай, Улаанбаатар хотын ердийн хэрэглээний 10 өдрийн нөөцийг нэг өдөр буулгаж ачих хүчин чадалтай том агуулахын цогцолбор баригдаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь улсын хэмжээнд анхны том хэмжээний шатахуун агуулах сав болох бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас бодлогын бүх дэмжлэгийг үзүүлж байна. Тус шатахуун хадгалах, агуулах савны цогцолборын бүтээн байгуулалт 2027 онд бүрэн дуусна.

“Wellcom” компанийн шатахуун хадгалах, агуулах савны өргөтгөлийн барилгын ажил Засгийн газраас хэрэгжүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогын бодит хэрэгжилт эрчимтэй явагдаж байна. Тус компани нь Засгийн газрын хэрэгжүүлсэн дэмжлэг бодлогын хүрээнд өөрийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж 6000 тонноор хүчин чадлаа нэмэгдүүлж 85% гүйцэтгэлтэй байна. Есдүгээр сард багтаан ашиглалтад бүрэн орох төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа юм.

“Шинэ Эрин Ойл” ХХК нь энэ ондоо багтаан 16000 м/кубийн шатахуун агуулах, хадгалах савтай болж хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар шатахуун хадгалах, агуулах савны хамгийн гол ажил болох 9 суурийн ажил бүрэн дуусжээ. Савны угсралтын ажлыг хийхэд бэлэн болсон бөгөөд инженерийн холболтууд удахгүй хийгдэх юм байна.
Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийг хариуцлагатай хэрэгжүүлж ажиллаж байгаа хувийн хэвшлийн ААН-үүддээ талархал илэрхийлье. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.