Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнг танилцуулж байна
6 Цагийн өмнө
107
Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнг танилцуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Оюу толгойн хэлэлцээрээс гарсан үр дүнг олон нийтэд танилцууллаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар "Оюу толгой" төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрч, хэлэлцээр амжилттай болсныг зарлав. 
 
Ерөнхий сайд Н.Учрал "Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа.
Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менемжентийн зардлыг 2,2 тэрбум ам.доллар буюу 8 их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наядаар нэмэгдүүлж чадсан.
100 хоногийн босгон дээр Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар буурууллаа. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 8 их наядаар нэмэгдлээ.
Хоёрдугаарт, 7 жилд нэг удаа Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах цонх нээгдэж, хэлэлцдэг байсныг 3 жил болгож богиносголоо.
Гуравдугаарт, 2037 онд бус энэ жил Монгол Улс Оюу толгойгоос ногдол ашиг авна. Рио Тинтотой тохиролцож чадлаа.
Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүллээ.
Монгол төрийн наадмын өмнөхөн Монголчууд эрх ашгаа хаанахын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгээ нотлон харууллаа.
Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт энэ тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно" гэлээ. 
Мөн "Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг "Онтре"-гийн гэрээ хэлцлийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлэх санал боловсруулж, УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгаж байна.
Улс орныхоо эрх ашгийг хамгаалан, ухрах эрхгүйгээр хичээн зүтгэсэн хэлэлцээрийн багийн бүх гишүүн, татвар, санхүү, эдийн засаг, эрх зүйн мэргэжилтнүүд, монгол төрийн албан хаагчдадаа баярлалаа. Үндэстний баялгийнхаа өгөөж шимийг өсгөн нэмэхийн төлөө үзэл бодлоо илэрхийлэн тэмцсэн эрх чөлөөт Монгол Улсын иргэн Та бүхэндээ баярлалаа.
Үндэстний эрх ашгаа хамгаалан, улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бүх монгол хүнд талархлаа илэрхийлье.
Эрх чөлөөний нар хүн бүрийг ивээх болтугай.
Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их ээ" гэж цохон тэмдэглэлээ. 
zasag_2606308 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.