Монгол орны хэмжээнд хариуцлагагүй уул уурхайн олборлолтоос үүдэн эвдэрч, орхигдсон талбайн хэмжээ 28.9 мянган га-д хүрсэн. Үүнээс хариуцах эзэнгүй нь 8100 орчим га. Энэхүү эвдэрсэн газрын тооллогыг одоогийн БОУАӨЯ зохион байгуулж, дээрх дүн мэдээг олон нийтэд 2022 онд зарлаж байсан юм. Эвдэрсэн талбай Сэлэнгэ, Төв аймагт хамгийн өндөр байгаа нь салбарын яамны уг судалгаагаар тогтоогдсон билээ. Тус хоёр аймагт эвдэрсэн талбайн хэмжээ Өмнөговь, Архангай, Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Баянхонгор аймагтай харьцуулахад 4-5 дахин их байсан.
Буух эзэн, буцах хаяггүй 8100 орчим га талбайг нөхөн сэргээх ажил үндсэндээ улсын нуруун дээр бууж таарсан. 8100 га гэдэг нүсэр том талбай. Хариуцах эзэнгүй газрыг хэрхэн яаж нөхөн сэргээх эсэх нь эхэндээ тодорхойгүй, удаашралтай, хүн мал, ан амьтанд энэ байдал алхам тутам аюул занал учруулж ирсэн. Орчны экосистем нь цаг хугацаа явах тусам алдагдаж байв. Ийм газрын нэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн нутаг Ялбагийн хөндий байлаа.
Учир нь 20 шахам км үргэлжилсэн урт хөндий хариуцлагагүй уул уурхайн золиос болж, анх харсан хүн халаглах хэмжээнд эвдэрч, унаган төрхөө алдсан байлаа. Ой модоор битүү хүрээлэгдсэн, үржил шимт Ялбагийн хөндий нэгэн үе алтны уурхайн хөлд үрэгдэж, бичил уурхайчид мөн эндээс гар аргаар алт олборлож, эвдэрч, орхигдсон талбайн хэмжээг улам тэлсэн. Техникийн нөхөн сэргээлт хийхээс өмнө өндөр, өндөр их хэмжээний овоолго, дэнжилсэн хана мөргөцөг энд тэндгүй үүссэн. Гүн, гүн цүнхээл бүхий хиймэл нуур бий болсон, хүн мал хөл алдах эрсдэлтэй, үдэш орой зүглэх аргагүй байжээ.
Ялбаг голын гольдрол нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас өөрчлөгдсөн тул туни муутайхан урсаж, өндөр, өндөр овоолгын цаанаас үүгээр бэлчээрлэх малын бараа харагдахгүй. Ус тогтсон гүн нүхэнд мал унах, мал хөрөнгөөрөө малчид хохирох үзэгдэл нийтлэг байсан нь өчигдөрхөн. Харин одоо дээрх бүхэн улирч, Ялбагийн хөндий ямар сайхан болсныг нутгийн улс түмэн дор бүрнээ ам уралдан ярьж, хэлж байна. Хариуцлагагүй уул уурхайн сүүдэрт нэрвэгдсэн Ялбагийн хөндий хариуцлагатай уул уурхайн үр дүнд эргэн төлжиж, унаган төрхөө олж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн нутаг буюу Ялбагийн хөндийд 400 га талбайг “Оюу толгой” компани нөхөн сэргээж, өнөө гурван жилийн дараа очиход байгалийн унаган төрхөндөө орж, хуучны бараан зураглал бүрэн солигджээ. Техникийн нөхөн сэргээлт хийснээр урьдын сэтгэл эмзэглэм дүр төрх нөхөн сэргээлтийн дараа арилж, газар дэлхий эдгэрч, гол ус эрх дураар цовоо сэргэлэн урсана. Өвс ургамал өөр өөрийн өнгө үзэмжээ гайхуулан дэлгэрч, уул ус баярлах мэт шувууд жиргэж, үхэр мал багширна.
Ялбагийн хөндийд энэ жилээс нутаглах айлын тоо эрс нэмэгдсэн бөгөөд биднийг очих үед 20 гаруй айл угтсан юм. Нөхөн сэргээлт хийгээгүй байхад малын бэлчээр хязгаарлагдмал тул нутаглах айлын тоо ч цөөн байсан гэлээ.
Хөвчийн хангайгаа харж хандан, хамгаалан суух Байгаль хамгаалагч М.Болдбаатар сэтгэл тэнэгэр биднийг угтлаа. Түүний хувьд Ялбагийн хөндий ямар байдалтай байсныг хамгийн ихээр мэдэх хүний нэг. Харин өнөөдөр гурван жилийн өмнөх техникийн нөхөн сэргээлтийн үр дүнд Ялбагийн хөндий ямар болсныг гэрчлэх эх сурвалж болон бидэнтэй уулзсан юм.
Тэрбээр "Нөхөн сэргээлт хийхээс гурван жилийн өмнө нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Алхахад ч амаргүй, адуу мал үүгээр бэлчээрлэх ч аргагүй. Малчдын хувьд нутаг бэлчээр нь хумигдаад, дор бүрнээ л хэцүүхэн байсан. Харин нөхөн сэргээлт хийснээс хойш газар орон сэргээд, хуучны юм одоо байхгүй болсон. Ирж нутаглах айлын тоо ч энэ жилээс хэд хэдээрээ нэмэгдлээ. Өглөө эрт буга согоо усанд орж, гол гаталж явах, усны шувууд хүртэл нүүдлэн ирсэн харагддаг. Шинэ төрөл зүйлийн шувууд ч үзэгдэх болсон" гэв.
Нөхөн сэргээх түүх ингэж эхэлсэн: Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Эвдэрсэн газрын нөхөн сэргээж, мод тарих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураг ёслол” Ялбаг голын хөндийд болж, гурвалсан гэрээг одоогийн БОУАӨЯ/ тухайн үед БОАЖ/, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, “Оюу толгой” компани хамтран байгуулсан юм. Энэ цагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Ялбаг голын хөндийг нөхөн сэргээх их ажил ундарсан.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Оюу толгой” ХХК нэгдэн орсноор дээрх ажлын цар хүрээ улам тэлсэн билээ. Ялбагийн хөндийгөөр зогсохгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн гол, Бугантайн голын гольдролыг сэргээж, нөхөн сэргээлтийн ажил Хавчиргана, Амж зэрэг газруудад үргэлжлэн хийгдэж байна. Ингэснээр “Оюу толгой” ХХК энэ оны эцэс гэхэд эвдэрч, орхигдсон 1630 га талбайг нөхөн сэргээж, 2370 га талбайд масс ойжуулалт хийнэ. Эдгээр далайцтай ажлуудыг "100 сая мод өвлүүлэн үлдээе" хөтөлбөрийнхөө хүрээнд тус компани хийж байгаа юм.
2025 онд "Оюу толгой" компани нийт 1210 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бөгөөд үүнээс хамгийн том талбай нь Цагаан зүрийн гол байсан билээ.
Ялбагийн гол урссаар Ерөө голд цутгадаг. Ерөө голыг тэтгэдэг олон голуудын нэг нь Ялбаг. Ерөө гол Сэлэнгэ аймгийн гурван сумын нутаг дамнан 320 гаруй км урсаж Орхон голтой нийлдэг.
Ялбаг голын хөвөөнд 20 гаруй олон жил нутаглаж буй Ч.Бүжинлхам "Манайх үхэртэй. Хуучин гол руу үхэр мал яваад бараа сураг нь харагддаггүй байлаа. Одоо гэрийнхээ гаднаас үхэр малаа хараад багцаа авчихдаг болсон. Өмнө нь том хиймэл нуур, устай нүхэнд үхэр, тугал уначих гээд зовлонтой. Санаа зовно. Одоо тийм юм алга. Сэтгэл амар л байна. Уг нь манай нутаг сайхан, хүн малдаа ээлтэй. Өвөлдөө дулаан. Энэ нөхөн сэргээлт гэж ажлыг хийснээс хойш үр шимийг нь малчид бид илүү их хүртэж байна. Голын хөндий дагаад энэ жил сүрхий өвс ногоо ургасан, мод бут ч сэргээд ирсэн байна лээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Өнөөдөр: Ялбагийн хөндийн эвдэрсэн газар хүн, мал амьтанд аюулгүй болж, орчны экосистемийг дэмжээд зогсохгүй, малчид эндээс тун удахгүй хадлагаа бэлтгэхэд ойрхон байна. Гурван жилийн өмнө нөхөн сэргээлтийн дарааллын дагуу эхлээд шимэрхэг хөрсөөр, дараа нь ургамлын үндэс бүхий давхарга үүсгэх зорилгоор шимт хөрсөөр хучиж, ургамлын үндэс ургах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь газар дэлхий түргэн эдгэрэх, унаган төрхөө олох явцыг улам хурдасгаж өгчээ.

