Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо тасралтгүй буурсаар байна
2 Өдрийн өмнө
398
Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо тасралтгүй буурсаар байна

Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын нийт тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн 10 жилд тогтмол буурсаар ирлээ. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хориглосон, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгодог болсонтой шууд холбоотой юм. Тэрчлэн орон нутагт хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцэх хандлага нэмэгдсэн, хөрөнгө оруулалтын орчинд муудсан нь давхар, давхар нэрмээс болж байна. Харин энэ хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо бага хэмжээгээр нэмэгджээ. 2026 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар ашигт малтмалын нийт 2820 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 1776 нь ашиглалтынх, үлдсэн буюу 1044 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна.

2024 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн хамтарсан Засгийн газрууд хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах, тусгай зөвшөөрлийн тоог өсгөх бодлого баримтлах, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа боловч бодит үр дүн удаашралтай байна. Тэр тусмаа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хайгуулын салбар сэргэх эсэх нь үлэмж хамаарах юм. 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдэхгүй, энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол уул уурхайн шинэ ордууд илрэх, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлтгэх, нээх үйл явц тэр хэрээр хойшилно гэсэн үг. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд гарсан төр засгийн шийдвэр, бодлогын хаалт, хязгаарлалт, орон нутаг болон иргэний нийгмийн байгууллагын тэмцэл, хөдөлгөөний үр дүнд геологи, хайгуулын хөгжил 10 гаруй жилээр хоцроод байна. 

Монголын уул уурхайн ирээдүйг геологи, хайгуулын үр дүн тодорхойлно. 100 гаруй жилийн түүхтэй уул уурхайн салбарт хувийн хэвшил нэвтэрч, төр, хувийн хэвшил зэрэгцэн үйл ажиллагаа явуулах болсон түүх ердөө л 30 гаруй жилээр хэмжигдэнэ. Энэ хугацаанд гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд нэмэгдсэн боловч ихэнх нь өнөө орхин гарчээ. Тэдний олонх нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, хөрөнгө оруулалтын орчин үлэмж муудсаар байгаа тул хувиа зарах, салбараа хаах зэрэг байдлаар дийлэнх нь цаашдын "хувь заяа"-гаа боджээ. Үүний тусгал нь уул уурхай, тэр дотроо геологи хайгуулын салбарт хүчтэй буусан юм. 

Цэвэр эрчим хүчний түүхий эд, критикал минерал, газрын ховор гэж бид дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэхийг хүсэх авч нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, жонш гээд эдгээр хэдхэн эрдэс түүхий эдийнхээ түвшинд л сэтгэж, нийгмийн талцал, улстөржилт нь эх адаггүй үргэлжилсээр байна. Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар нь одоогоор уул уурхай боловч тус салбарын бааз суурийг тэлэх бодлогын дэмжлэг өнгөрсөн хугацаанд хаягдаж, орхигдож ирлээ.

Улсын төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлэх уурхайчид иргэний нийгмийн байгууллагын "дайсан" нь болж хувирлаа. Улстөрчид, улс төрийн ашиг хонжоо хайгчид үүнийг далимдуулан өөрт ашиглаж, уул уурхайг улам муухай харагдуулах, хөрөнгө оруулалтыг үргээх, хувийн хэвшлийг тус салбараас шахах "ажиллагаа"-нд ухаан, мөнгө хоёроо зарж байна. Эдгээр нь хайгуулын салбар урагшлах бус ухрах, хөрөнгө оруулалт дайжих, уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөө улам буурах, төсвийн орлого тасрах, улсын эдийн засаг хямрах үүд хаалгыг нээж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.