Газрын тосны салбараас хоёр гавьяат төрлөө
8 Цагийн өмнө
105
Газрын тосны салбараас хоёр гавьяат төрлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр газрын тосны салбарын төлөөллүүдийг төрийн ордонд хүлээн уулзсан бөгөөд Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэндийг үе, үеийн ахмад буурал, салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаач нарт хүргэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Гор газ” компанийн ерөнхий захирал Батмөнхийн Мөнхсайхан, “Тэс петролиум” компанийн гүйцэтгэх захирал Цогийн Майдар нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
mine_260622 
Энэхүү уулзалтад АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцож ярианы эхэнд газрын тосны салбарын түүхэн цаг үе, хөгжлийн талаар дурдаад одоо хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан билээ.
Түүхэн цаг үеийг авч үзвэл, Монгол Улсад газрын тосны судалгаа, хайгуул нь 1940 онд эхэлсэн бол салбарын хөгжлийн суурь 1941 оноос өрнөжээ. Улмаар Дорноговь аймгийн Зүүнбаян, Цагаан-Элсний орд газраас 1949 оноос газрын тос олборлолтыг эхлүүлэн 1953-1969 он хүртэл “Зүүнбаян газрын тос боловсруулах үйлдвэр”-т боловсруулж автобензин, дизель түлш, кокс зэргийг үйлдвэрлэн тухайн нөхцөлд улсын хэрэглээний 20 гаруй хувийг дотоодоосоо хангаж байжээ.
Өнөөдөр газрын тосны салбар нь улс орны стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх чиглэл болж хөгжиж 1996-1996 оноос 2025 он хүртэл нийт 12 сая тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт нийт 3 орчим их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Эдийн засгийн тулгуур болсон уул уурхай, аж үйлдвэр, автотээврийн салбарын өсөлттэй уялдан түлш, шатахууны хэрэглээ өсөн нэмэгдсээр импорт 2026 онд 3 сая тонноос давах төлөвтэй байна. Иймд манай улс дотоодынхоо хэрэгцээг хангах Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох хэрэгцээ шаардлага бий. Энэ хүрээнд БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж буй Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц, барилга байгууламж, үндсэн технологийн тоног төхөөрөмжийн угсралтын ажлууд эрчимтэй хийгдэж байна. Бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Энэтхэгийн хамтарсан баг гардан гүйцэтгэж байна. Гэвч үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах, дотоодын түүхий тосны нөөцийг нэмэгдүүлэх асуудал салбарын өмнө тулгамдсан чухал зорилт болжээ. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтад Монгол хүн бүр, аж ахуйн нэгж бүрийн дэмжлэг, оролцоо нэн чухал болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцоллоо.
Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний хэмжээний газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, импортын хараат байдлыг бууруулах стратегийн зорилтыг тусган хэрэгжүүлж байгаа билээ.
2026 он гарсаар дэлхийн геополитикийн тодорхойгүй байдлын улмаас нийлүүлэлтийн эрсдэл үүссэн ч Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дотоодын зах зээлийн хангамжийг тогтвортой хадгалжээ. Үүнд бодит хувь нэмэр оруулсан газрын тосны бүтээгдэхүүн импортлогч үндэсний аж ахуйн нэгжүүдэд сайд Г.Дамдинням талархал илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 170 орчим импортлогч компанийн 1600 орчим шатахуун түгээх станц, 120 агуулах, 120 хийгээр цэнэглэх станцад 20 гаруй мянган инженер, техникийн болон туслах ажилчид Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүрийг тасралтгүй шатахуунаар хангах үүргийг 24 цагаар гүйцэтгэж байна. Цаашид түлш, шатахууны хэрэглээг тогтвортой хангах, доголдол үүсэхээс сэргийлж "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай" хуулийг 2025 оны 12 дугаар сард УИХ-аар батлуулсан. Энэхүү хуулиар аж ахуйн нэгжүүд багадаа нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний хэмжээний агуулах барих боломж бүрдсэн бөгөөд яамны зүгээс Монголбанк болон арилжааны банкуудаар дамжуулан санхүүжилтийн зээл олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Цаашид хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, ил тод, хариуцлагатай салбарыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын намрын чуулганаар Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг салбарын сайд Г.Дамдинням ярианы төгсгөлд дурдлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.