Монголын Геологийн холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд, "Монгол Улсын эдийн засгийн ирээдүйг тодорхойлох гол салбарын нэг нь эрдэс баялгийн салбар гэдэгтэй маргах хүн байхгүй. Хайгуулын үйл ажиллагааг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хийдэг бөгөөд нэгэнт өгсөн тусгай зөвшөөрлөө төр өөрөө бататгаж, хамгаалж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болохоос саад болох учиргүй. Хайгуул хийнэ гэдэг нь газрын доор хатуу, шингэн, хийн төлөвт ямар чулуулаг байна гэдгийг тодорхойлно гэсэн үг бөгөөд хэтийн төлөв сайтай талбайд ашигт малтмалын шинэ орд илрүүлж, улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж, шинэ ажлын байр бий болгож, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бий болгодог.
Гэвч сүүлийн жилүүдэд төрөөс олгосон хайгуулын тусгай зөвшөөрөлд мэргэжлийн ажлыг хийлгэхгүй байна. Энэ байдал нь Монгол улсыг урт хугацаандаа хөрөнгө оруулалт татах боломжийг хааж, ирээдүйн эдийн засгийн баталгааг алдахад хүргэж байна.
Тиймээс Монголын Геологийн Холбоо олон мянган геологич гишүүдийнхээ нэрийн өмнөөс төр өөрийн олгосон тусгай зөвшөөрлийн хойноос хууль ёсны дагуу үйлчилгээ үзүүлж, аливаа хууль бус үйлдлээс хамгаалж, асуудлыг шийдвэрлэх гүүр болж, бүх талаар дэмжлэг үзүүлэхийг салбарын яам болон холбогдох төрийн чиг үүрийн байгууллагуудаас шаардаж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна" гэжээ.