Зулзагын голд дараагийн “Тужийн нарс” бий болох эхлэл тавигдлаа
15 Цагийн өмнө
250
Зулзагын голд дараагийн “Тужийн нарс” бий болох эхлэл тавигдлаа
-“Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 450 га талбайд нарс мод тариалж, масс ойжуулалт хийж байна-

Ургаж буй бүхэн дэлгэрэх цагаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ. Нийслэлээс 240 шахам километрийн зайд байрлах Зулзагын гол бидний эхний зогсоол. Энэхүү газрыг Дарханы “Тэрэлж” гэвэл илүү онох. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн тэнэгэр хөндийд олон айлын зуны зуслан /лагер/ үргэлжилнэ. Энд хүүхдийн зуслангаас эхлээд амралт, сувилал, жуулчны бааз хүртэл эртнээс төвхнөсөн. Зуслангийн бүсээ тойроод малтай айлууд зунтай хамт уралдан буудаг. Голоо бараадаад адуу мал үүгээр дүүрэн идээшилнэ.

Зулзагын голд масс ойжуулалтын томоохон ажил ид дундаа үргэлжилж байна. Үүний автор нь “Оюу толгой” ХХК. Тус компанийн санаачлан хэрэгжүүлж буй  “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд Зулзагын голд тарьж ургуулах 450 га талбай хамарсан нарс модны ойжуулалтын явцтай танилцлаа. Ойролцоогоор нэг сая гаруй нарс мод тарьж ургуулах ажлыг “Говийн улиас” компани хариуцан гүйцэтгэж байгаа юм. “Говийн улиас” нь орон нутгийн компани бөгөөд олон жилийн туршлагатай. Тиймээс их ажлыг төвөггүй нугалж байна лээ.

DSC01548 Өнгөрсөн жил “Говийн улиас” компани 150 га талбайг хашаажуулж, шан татах аргаар эхний тарилалтыг хийсэн бөгөөд үүнээс амьдралтын явц 80 хувь, зарим газраа түүнээс дээш хувьтай байгааг тус  компанийн ерөнхий менежер Г.Отгонбат ярилаа. Энэ жилийн тухайд нийт 300 га талбайд ойжуулалт эхэлсэн явна. Ойжуулалт нийт 450 га талбайгаар хязгаарлагдахгүй бөгөөд цаашид 1500 га талбайг хамрах юм. Ингэснээр ойн сан нэмэгдэх төдийгүй ой тэлэх ургах боломж нөхцөлийг энд бүрдүүлнэ.

“Оюу толгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 100 сая мод тарих үүрэг амлалт авсан. Үүний 60 сая модыг тарьж, 40 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол орны ойн салбарт хийж эхэлсэн. Тухайлбал, шинээр орчин үеийн бүрэн механикжсан мод үржүүлгийн таван газрыг байгуулсан. Эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Цогт-Овоо (500,000), Сэрвэй (500,000), Ханбогд (250,000), Баян-Овоо (250,000), Манлай (250,000) сумдад жилд нийт 1,750,000 тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрууд байгуулан хүлээлгэн өгсөн. Одоо зургаа дахь нь Архангай аймгийн Цэнхэр суманд байгуулагдахаар барилгын ажлыг эхлүүлээд байна.

Мөн ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өгсөн байдаг. Эдгээрээс гадна үр болон тарьц ашиглан мод тарих уламжлалт аргуудыг үрийн бөмбөг ашиглан дроноор тарих шинэ технологитой харьцуулан судлах туршилтуудыг хийсэн.

DSC01547 Нэмж хэлэхэд, манай улсын ойн салбарт өнөө боловсон хүчин нэн шаардлагатай, дутагдалтай байгаа. Тиймээс байгаль орчин, ойн инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн. Уг тэтгэлгийг хүртсэн ШУТИС-ийн Ойн инженерийн ангийн оюутан “Говийн улиас” компанийн тариалалтын талбайд биднийг очиход цалинтай дадлага хийж, “Оюу толгой”-н санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрт гар бие оролцож байлаа. Түүнийг Ж.Элбэгсайхан гэдэг. 2024 оны тэтгэлэгт оюутан. Өөрийн мэргэжлээ үнэ цэн нь ирээдүйд улам өсөн нэмэгдэх, эрэлттэй, төгсөөд гарахад ажлын байр элбэг, маш цөөн хүүхэд сурдаг, сонирхолтой хэмээн тодорхойлсон. Түүний хувьд, IV курс бөгөөд мэргэжилдээ дуртай, гэрийнхнээсээ зөрүүдэлсээр байгаад энэ мэргэжлээ сонгосон гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

 Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 7.96 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлдэг. Ойн сангийн талбайн 85 хувийг навч, шилмүүст ой, 15.1 хувийг заган ой бүрдүүлж байгаа. Эндээс бид ойжуулалт хэчнээн чухал шаардлагатай болохыг харж болно.

DSC01552 Бидний хүрч ирсэн Дархан-Уул аймгийн хувьд 83 мянган га талбайг хамарсан ойн сантай. Тус аймгийн Байгаль орчны газрын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн У.Мөнхзул “Бидний хувьд нарсан ойг илүү нэмэгдүүлэх, ойн сангаа арвижуулах, тэлэн ургах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Хусан ойн нөөц давамгайлдаг. Намайг ойн салбарт ажиллаж эхэлснээс хойш ийм том хэмжээний хашаажуулсан ойжуулалт урьд өмнө манай аймагт хийгдэж байгаагүй. Үүгээрээ нэлээд далайцтай, өргөн цар хүрээг хамарсан ажил болж байна. Нийтдээ 1500 га талбайд нарсан ойжуулалт хийгдэх учраас тэр хэрээр манай аймгийн төдийгүй Монгол орны ойн сан нэмэгдэнэ” гэв.

“Оюу толгой” ХХК масс ойжуулалт буюу мод тарих ажлыг Богдхан уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд, Дархан-Уул аймагт тус тус хийгээд байгаа юм. Тодруулбал, 60 гаруй сая модыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудтай уялдуулан нийт 22 мянган га талбайд тарих юм. Энэ хүрээнд, 42 сая модыг доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах зорилгоор тарьж ургуулахаар байгаа. Үүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Зулзагын голын ойжуулалт билээ.

ot_2606193 “Оюу толгой” компани энэ жил нийт 10.9 сая мод тарьж ургуулах, доройтсон ойг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Тодруулбал, 2026 оны эцэс гэхэд нийт 2370 га талбайд ойжуулалт хийгдсэн байхаар төлөвлөжээ. Хамгийн их га талбай бүхий ойжуулалт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгийг хамрах бөгөөд 2200 га-гаар хэмжигдэж байна. Нийт 5 сая модыг энэ бүс нутагт тарьж ургуулах юм.

Модтой газрыг нөхөн сэргээх, тэлэн ургах орчныг бүрдүүлэх, ойг залуужуулах, боломжтой газар нь тарьж ургуулах бодлогыг “Оюу толгой” ХХК баримтлан, энэ дагуу дээрх ажлууд олон улсын стандартын дагуу хийгдэж байна. Угтаа мод ургах боломжгүй газар тооцоо судалгаагүй мод тарих гэж оролдох нь харин ч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчний асар их зардал, хохирол дагуулах уршигтай.

unnamed_3 Ойн салбарынхан масс ойжуулалтад шан татаж тарихыг Монгол Улсад хамгийн тохиромжтой, шалгарсан арга гэж үзээд байгаа. Тужийн нарсны ойжуулалтыг мөн ийм аргаар тарьж ургуулсан байдаг. Олон арга тухайн үед туршаад, шан татах нь оновчтой юм байна гэсэн дүгнэлт рүү ирцгээсэн гэдэг. Ингэж тарьснаар мод бие даан ургах нөхцөл бүрдэх, улмаар хөрсний чийгийг нь удаан хадгалах, нарны хэт халалтаас хамгаалах, салхины нөлөөг бууруулах, тодорхой хэмжээний сүүдэр өгөх зэрэг олон талын ашиг тустай аж.

Дархан хот шинэ тутам хөгжиж, дараагийн Улаанбаатар гэж нэрлэгдэх болсон цаг. Хүн ам нь өсөн нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн идэвхжиж, хотжилт тэлэх тусам зуслангийн бүс өргөжиж, ойн сангийн хүрэлцээ тэр хэрээр улам шаардлагатай болох юм. Тэгвэл Зулзагын голын масс ойжуулалт дараагийн “Тужийн нарс”-ийг бүтээх эхлэл нь болж байна. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.