Халзан бүрэгтэй ордын хайгуул судалгааны ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа
12 Цагийн өмнө
122
Халзан бүрэгтэй ордын хайгуул судалгааны ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа
Олон нийтийн анхаарлын төвд буй Халзан бүрэгтэй ордын хайгуул судалгааны ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК-ийн зүгээс танилцууллаа. Компанийн мэдээлэлд, 
 
"Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажиллаж, төсөлд үүсээд байгаа нөхцөл, хүндрэл бэрхшээлтэй танилцлаа. Ажлын хэсгийн зөвшөөрлөөр нутгийн иргэд талбайн хяналт шалгалтад байлцсан бөгөөд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэгч төслийн нэгжийн хувиар бид ил тод нээлттэй шалгалтын үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажиллалаа.
Тус хяналт шалгалтын явцад цооногуудын нөхөн сэргээлттэй холбоотой сайжруулалт хийх зэрэг хүрээнд хайгуулын өрөмдлөгийн ажиллагааг түр зогсоосон болно. Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК нь ажлын хэсгийн зөвлөмжийг биелүүлэн ажиллаж байна.
Төслийн бусад судалгаа шинжилгээ, хагас үйлдвэрийн туршилт, байгаль орчин, цацрагийн мониторинг, орон нутгийн иргэдтэй харилцах ажлууд хэвийн үргэлжилж байна.
Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж, хайгуул, уул уурхай, байгаль орчны стандарт, дүрэм журмыг бүрэн дагаж мөрддөг, хариуцлагатай уул уурхайн төслийн нэгжийн хувиар цаашид ч төслийн талбайд Монгол Улсын газрын ховор элементийн нөөц, судалгаа шинжилгээний аргыг сурталчлан таниулах, байгаль орчныг хамгаалах зэрэг төрөөс олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, иргэдийн мэдэх эрхийг ханган ажилласаар байх болно" хэмээн дурджээ. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.