Дэлхийн нүүрс үйлдвэрлэгч 12 улс нэгдэн “ШАНХАЙН САНААЧИЛГА”-ыг гаргаж, дөрвөн гол чиглэлийг тодорхойллоо
8 Цагийн өмнө
157
Дэлхийн нүүрс үйлдвэрлэгч 12 улс нэгдэн “ШАНХАЙН САНААЧИЛГА”-ыг гаргаж, дөрвөн гол чиглэлийг тодорхойллоо
БНХАУ-ын Шанхай хотын Шинэ олон улсын үзэсгэлэнгийн төвд 2026 оны 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн нүүрсний шинжлэх ухаан, технологи инновацын хурал” зохион байгуулагдлаа.  Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, "Монгол нүүрс ассоциаци"-ийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд нар оролцлоо.
 
Хурлыг Хятадын Инновацын хөгжлийн стратегийн хүрээлэн (CIIDS)-ийн дэмжлэгтэйгээр тус хүрээлэнгийн Эрчим хүчний аж үйлдвэрийн хороо, БНХАУ-ын Нүүрсний аж үйлдвэрийн ассоциаци болон Нүүрсний машин, тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн ассоциаци хамтран зохион байгуулсан юм. 
 Тус уулзалтад АНУ, ОХУ, Монгол, Энэтхэг, Индонез, Австрали, Казахстан, Пакистан, Өмнөд Африк зэрэг дэлхийн нүүрс олборлогч, экспортлогч томоохон 10 гаруй улсын төлөөлөгчид хуран цугларч, салбарын ирээдүй, инновацын шийдлүүдийг хэлэлцлээ.
coal_china_2606162 
“Дэлхийн нүүрсний шинжлэх ухаан, технологи инновацын хурал”-аар оролцогчид "ШАНХАЙН САНААЧИЛГА"-ыг дэвшүүлж, тунхаг бичгийг батламжиллаа. “Шанхайн санаачилга”-ыг дэлхийн 12 гол нүүрс үйлдвэрлэгч улс /Хятад, Монгол, Австрали, Энэтхэг гэх мэт/ хамтран нүүрсний салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, дэлхий даяар технологийн инновацыг урагшлуулах зорилгын хүрээнд албан ёсоор гаргалаа.
 
Санаачилгын гол чиглэлүүд:
  • Ухаалаг олборлолт: Хиймэл оюун ухаан (AI) болон аж үйлдвэрийн интернэтийг ашиглан нүүрс олборлолтыг автоматжуулах.
  • Цэвэр, үр ашигтай хэрэглээ: Нүүрсийг байгаль орчинд бага бохирдолтой, өндөр үр ашигтайгаар ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.
  • Ногоон, бага нүүрстөрөгчийн хөгжил: Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэх.
  • Олон улсын хамтын ажиллагаа: Нүүрсний салбарын гинжин хэлхээг бэхжүүлж, инновацын үр дүнг дэлхий даяар хуваалцах.
Нүүрс нь олон улсын эрчим хүчний системийн “тулгуур чулуу” хэвээр байгаа тул энэхүү санаачилга нь салбарын өндөр чанартай, өндөр үр ашигтай хөгжлийг дэмжих, ногоон шилжилт болон дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад стратегийн онцгой ач холбогдолтой хэмээн "Шанхайн санаачилга"-ыг гаргасан улс орнууд үзжээ. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.