Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 25 дахь жилдээ боллоо.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан топ аж ахуйн нэгжүүдийг орлого, ашиг, татвар, ажилтнуудын тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр нь эрэмбэлэн шилдгээр зарладаг уламжлалтай.
2025 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодруулж, шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар Төрийн ордонд гардуулав.
2025 оны “ТОП-100” Аж ахуйн нэгжийн шалгуур үзүүлэлтээр Төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжилсөн бөгөөд уг жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүлэн, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. “ТОП-10” аж ахуйн нэгжийн тэргүүн цом, өргөмжлөлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон гардлаа.
Тэрээр, “2025 он бол Эрдэнэт үйлдвэрийн хувьд ажлын амжилт, хийж бүтээсэн зүйлээрээ маш онцгой жил байлаа. 2025 оны жилийн эцсийн үр дүнгээр бид үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг өмнө нь байгаагүй түүхэн үзүүлэлтэд хүргэсэн. Түүнээс гадна санхүү, эдийн засгийн үзүүлэлтээр Монгол Улсын 2025 оны Шилдэг татвар төлөгчдийг тэргүүлсэн амжилтын эзэд болсон юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 4.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөгийг татвар хураамж, ноогдол ашиг хэлбэрээр төвлөрүүлснээс гадна 756 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан. Үүнээс гадна хамгийн гол зүйл бол бид зардлаа бууруулж ажиллаж чадсан. Мөн 2025 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэлээд тааламжтай байсан нь бидний амжилтад эергээр нөлөөлсөн юм. Эдгээр амжилтаар бид ТОП-100 аж ахуйн нэгжийн, төрийн өмчит “ТОП-10” компанийг манлайллаа. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн 7000 уурхайчдын нөр их хөдөлмөр, хөлс хүч шингэсэн” хэмээн онцолсон юм.
Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь 47 жилийн түүхэн дэх дээд үзүүлэлт төдийгүй, борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.9 их наяд төгрөгт хүрч, улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэн ажилласан.
Эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээр, 2025 онд нийт 4,890.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөөг 529.1 тэрбум төгрөгөөр буюу 112 хувиар биелүүлсэн бол цэвэр ашгийн төлөвлөгөөг 199.1 тэрбум төгрөгөөр буюу 136 хувиар тус тус давуулан биелүүлж ажилласан. Улс, орон нутгийн төсөвт нийт 2,309.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 131 хувиар биелүүлсэн амжилттай үзүүлэлтээрээ 2025 оны “ТОП-10” төрийн өмчит компаниудыг манлайллаа.
Уул уурхай, Худалдаа, Санхүү даатгал, Боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл холбооны салбарын компаниуд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тодорхойлж, олон мянган ажлын байр бий болгосоор байгааг Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр онцолж хэлсэн.
"ТОП-100” аж ахуйн нэгжийн 2025 оны эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг тоон үзүүлэлтээр дурдвал, борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр өсөж, 65.7 их наядад хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувьтай дүйж байна. Төсөвт төлсөн татварын хэмжээ 50 хувиар өсөж, найман их наяд төгрөгт хүрсэн нь улсын нийт татварын 30 хувийг бүрдүүлжээ. Эдгээр компаниудад өнөөдөр 85000 гаруй хүн ажиллаж байна.