“Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал: Эдийн засгийн чадавх ба логистикийн сорилтууд” сэдэвт уулзалт боллоо
8 Цагийн өмнө
90
“Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал: Эдийн засгийн чадавх ба логистикийн сорилтууд” сэдэвт  уулзалт боллоо
“Чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал: Эдийн засгийн чадавх ба логистикийн сорилтууд” сэдэвт уулзалтыг Гэрэгэ бодлогын хүрээлэнгээс Конрад-Аденауэр Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон БНСУ дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулжээ.
Уулзалтад Ардчилсан намын ҮБХ-ын гишүүд, судлаачид, бизнесийн төлөөлөл болон олон улсын шинжээчид оролцож, Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарын стратегийн хөгжил, хөрөнгө оруулалтын загвар, мөн нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц, логистикийн тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов.
gerege_mine_260603 
Энэхүү уулзалтад Японы Накасонэ Энхийн хүрээлэнгийн ахлах судлаач Такахиса Накажи, БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн судлаач доктор Сү Хён О, Францын Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Жон Сийман, Европын Холбооны Critical Raw Materials Facility-ийн шинжээч Артём Ситников, Финландын Economic Security Forum-ийн хөтөлбөрийн менежер Антти Виктор Раухала нар зочиноор оролцож, олон улсын туршлага, бүс нутгийн чиг хандлага, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар байр сууриа хуваалцлаа.
 
Уулзалтын үеэр АН-ын нарийн бичгийн дарга, доктор А.Батпүрэв чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ бас Монгол улсын оролцооны талаар Ардчилсан нам бодлогын байр сууриа судалгаа, нотолгоо, олон улсын туршлагад суурилан тодорхойлох эрмэлзэлтэй байгаагаа онцлон илэрхийллээ.
 
Францын Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Жон Сийман чухал ашигт малтмалын эрэлтийн хурдацтай өсөлт нь нийлүүлэлтийн сүлжээний шинэ зохион байгуулалтыг бий болгож, улмаар стратегийн хамаарлыг гүнзгийрүүлж байна.
Монгол Улс нь энэхүү дахин зохион байгуулалтад бодит хувь нэмэр оруулах боломжтой орон боловч дэд бүтэц, бодлогын тогтвортой байдал, нэмүү өртөг шингээх чадавх зэрэг үндсэн хязгаарлалтуудыг даван туулах, мөн хөрш орнуудаас хамааралтай байдлаа ухаалгаар зохицуулах эсэхээс шууд хамаарах болохыг онцлов.
 
АН-ын ҮБХ гишүүн П.Байгальмаа дэлхий болон бүс нутгийн хэмжээнд чухал ашигт малтмалын төлөө өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед Монгол Улс геологийн арвин нөөцдөө найдахаас гадна уул уурхайн салбарыг хязгаарлаж буй суурь дэд бүтцийн саад бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байгаа хөндөж байр сууриа илэрхийлэв.
 
АН-ын ҮБХ гишүүн А.Цолмон Монгол улсын газрын ховор элементийн салбар Японы стратегийн ашигт малтмалын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй JOGMEC байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн хэдий ч Монгол улс одоогоор тэргүүлэх түнш орны жагсаалтад ороогүй байгаа нь найдвартай байдал, дэд бүтцийн хөгжил, мөн бүс нутгийн геополитикийн хүчин зүйлсийг иж бүрнээр нь үнэлж байгаатай холбоотой гэж бид үзэж байна хэмээн байр сууриа илэрхийлэв.
 
Уулзалтын төгсгөлд хэлэлцүүлэгт оролцогчид ашигт малтмалын боловсруулалтыг дараагийн шатанд хөгжүүлэх нь илүү үнэ цэнэ нэмэхээс гадна цайр, зэс зэрэг суурь металлын боловсруулалтаас чухал дайвар элементүүд гаргах боломжийг нээж, Монголыг түүхий эд нийлүүлэгчээс стратегийн ач холбогдол бүхий нийлүүлэлтийн зангилаа болгох гарц байж болох, мөн энэ чиглэлд бодлого, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын уялдаа холбоог стратегийн түвшинд авч үзэх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн тус асуудал нь уул уурхай, дэд бүтэц, логистикийн төдийгүй улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдлын асуудал талаас авч үзэж цаашид нарийн судлах шаардлагатайг онцоллоо.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.