“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад Б.Тэлмүүн хамгийн өндөр оноо авчээ
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшсэн Б.Тэлмүүн хамгийн өндөр оноо авч, "Эрдэнэс Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирлаар сонгон шалгаруултад тэнцсэн байна. Тус сонгон шалгаруулалтад нийт 10 нэр дэвшигч материалаа ирүүлж, материалын бүрдэл, мэргэжлийн болон тусгай шалгуур, ярилцлага гэсэн 3 үе шаттай үнэлгээ хийжээ.
Бямбарагчаа овогтой Тэлмүүн нь МУИС, СЭЗИС болон АНУ-ын Корнеллийн их сургууль төгссөн. Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй. Эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн. Оксфорд, Дюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж, “Оюу толгой”, “Орано” зэрэг стратегийн төслүүдийн санхүү, татварын хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож ирсэн. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк” ХК зэрэг төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажилласан туршлагатай.
Б.Тэлмүүн нь одоогоор Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага, засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авна.
Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК