Б.Даваадалай: “Эрдэнэс Монгол” нэрээ “Чингис хаан баялгийн сан” ХХК болгон өөрчилж, хөрөнгийн удирдлагын чиглэлд төвлөрч ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, уул уурхайн төрийн өмчит компанийн удирдлага, менежмент тэргүүтэй 20 гаруй асуудлыг хэлэлцлээ. Хурлаас гарсан шийдвэртэй холбогдуулан "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай "Нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхардсан, зээлээр санхүүждэг, 10 компанийг татан буулгалаа. Дарга нарын тоог цөөлнө. 260 орон тоо цомхотгож, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувиар буурснаар 67.3 тэрбум төгрөг хэмнэнэ. 6 дугаар сарын 15-ны дотор багтаж, компаниудыг татан буулгах асуудлыг эцэслэнэ. Төрийн өмчит компаниуд шилэн барилгад өндөр түрээс төлж буйг болиулна. Өөрсдийн боломж болон төрийн байгууллагын харьяанд байгаа сул байруудаа ашиглана. Зөвхөн ашигтай ажиллаж байгаа болон хөрөнгө оруулалтын гэрээтэй, стратегийн компаниуд үлдэнэ. Бусад ашиг орлогогүй, төслийн бүх компанийг татан буулгаж байна. “Эрдэнэс Монгол” уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болж байна. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлж, иргэний хуримтлалыг өсгөж арвижуулна. Олон улсын жишгийн дагуу хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрт шилжинэ. Өнөөдрөөс эхлээд “Эрдэнэс Монгол” нэгдэл “Чингис хаан баялгийн сан” ХХК болж байна" гэв.
“Эрдэнэс Монгол” нэгдэл нь уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болж, “Чингис хаан үндэсний баялгийн сан” корпораци болсноор төрийн өмчит компаниудад бодлогын зөвлөмж өгөхөөс гадна иргэдийн нэрийн дансанд байгаа мөнгийг арвижуулах ажлыг хийх юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Хуримтлалын санд 1.6 тэрбум ам.доллар байна. Иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлагдсан 500.000 төгрөгийг оны эцэст 1.000.000 болгохын төлөө ажиллана. “Үндэсний баялгийн сан”-гийн нэг төрөл болох “Хөгжлийн сан”-г эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд үнэт цаасжуулан, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ санхүүгийн хэрэгслүүдийг боловсронгуй болгож гаргаж ирнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд татах, шинэ хөрөнгийн урсгал бий болгох, Үндэсний баялгийн санг зүй зохистой, ил тод, иргэндээ нээлттэйгээр удирдаж, арвижуулах ажлыг хийнэ. Товчхондоо, иргэндээ байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэчлэл энэ салбарт хийгдэж байгаа юм. Нэгдлийн харьяанд байгаа компаниудад “Дундын үйлчилгээ” нэвтрүүлнэ. Урьдчилсан байдлаар 7 компаний захиргаа, хэвлэл мэдээллийг “Дундын үйлчилгээ”-нд шилжүүлснээр 96 хүний ажлыг 30 хүн хийх боломж бүрдлээ. Уул уурхайн компаниуд хотод төлөөлөгчийн газартай байх шаардлагагүй. Шинэчлэлийн суурь нь өөрөө засаглалын асуудал. Энэ чиглэлд Засгийн газраас чиглэл өглөө. ТУЗ-д байгаа мэргэжлийн болон хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлнэ. Дүрэмдээ өөрчлөлт оруулж, засаглалын асуудалд шинэчлэл хийнэ” гэж онцоллоо.