Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 34.6 хувийг нүүрсний экспорт бүрдүүлжээ
8 Цагийн өмнө
85
Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 34.6 хувийг нүүрсний экспорт бүрдүүлжээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 61.2 хувиар өслөө.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 16.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.2 (61.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 5.8 (74.2%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур агааржуулалтын салбар 368.8 (46.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

Гадаад зах зээлд 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 14.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 14.1 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 34.6 хувийг нүүрс олборлолтын салбар, 62.9 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 1.4 хувийг газрын тос олборлолтын салбар, 1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 7.6 (93.8%) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 5.3 (2.2 дахин) их наяд төгрөгөөр, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 2.3 (73.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 18.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.1 (75.3%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 7.6 (93.8%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.