АЙЛЧЛАЛ: Казахстан улстай газрын тос, цөмийн энергийн чиглэлд хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Казахстан Улсаас газрын тос нийлүүлэх, мөн тус улсын хайгуул, олборлолт, боловсруулах салбарын туршлагад тулгуурлан хамтран ажиллах асуудлыг талууд хэлэлцэж, дор хаяж нэг сая тонн түүхий тос нийлүүлэх боломжийг судалж байгаа аж. Мөн Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар талууд айлчлалын үеэр тохиролцжээ. Үүнээс гадна цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд Казахстан Улсын туршлага, стандарт, аюулгүй ажиллагааны тогтолцоонд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын орчныг судлах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсныг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцлоод, "Казахстан улс газрын тосны олборлолт, түгээлт, боловсруулалтын чиглэлд маш амжилттай ажиллаж байгаа. Энэ чиглэлээр мэргэжилтнээ сургах, хайгуул судалгааг дотооддоо хийлгэх зэргээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа" гэв.