Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэн хэрэгжүүлж буй "Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр" төслийн хөрөнгө оруулагч, стратегийн түншийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүлээн авах арга хэмжээ 2026 оны 4 дүгэээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Төслийн хэрэгжүүлэгч нэгж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Зэс Боловсруулах Цогцолбор” ХХК-ийн байранд зохион байгуулагдсан тус ажиллагаанд сүүлийн шатанд шалгарч үлдсэн дөрвөн оролцогчоос дараах хоёр оролцогч заасан хугацаанд хөрөнгө оруулах саналаа битүүмжлэн ирүүлэв.
“Сонгон шалгаруулах баримт бичиг хүлээн авах ажлын хэсэг”-ийн гишүүд оролцогчдын ирүүлсэн саналын битүүмжлэлийг талуудын төлөөллийг байлцуулан шалгаж, баримтжуулан хүлээн авч дууслаа.
“Сонгон шалгаруулах баримт бичиг хүлээн авах ажлын хэсэг”-ийн ахлагч, "Зэс Боловсруулах Цогцолбор" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нээлтийн үеэр "Энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг төрөлжүүлэх түүхэн ач холбогдолтой төсөл юм. Өнөөдөр саналаа ирүүлсэн компаниуд дэлхийн жишигт нийцсэн техник, технологийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгоход гол анхаарлаа хандуулсан гэдэгт итгэлтэй байна. Бид сонгон шалгаруулалтыг хамгийн шударга, ил тод байдлаар зохион байгуулж, ажлын 10 хоногийн дотор эцсийн дүнг танилцуулах болно" хэмээн онцлов.
“Сонгон шалгаруулах баримт бичиг хүлээн авах ажлын хэсэг” дээрх хүлээн авсан баримт бичгийг Засгийн газрын түвшинд байгуулагдсан Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үүрэг чиглэл бүхий Ажлын хэсэг /үнэлгээний хороо/-т албан ёсоор хүлээлгэн өгч, сонгон шалгаруулалтын эцсийн дүнг ажлын 10 хоногийн дотор зарлахаар төлөвлөн ажиллаж байна.