Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр цэвэр усны хэрэглээ жилд 7.0 сая шоо метрээр буурна
6 Өдрийн өмнө
94
Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр цэвэр усны хэрэглээ жилд 7.0 сая шоо метрээр буурна
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Баяжуулах үйлдвэртээ “Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажил” төслийг хэрэгжүүлснээр эргэлтийн ус хангамжийн найдвартай байдал хадгалагдаж, цэвэр усны хэрэглээ жилд 7.0 сая шоо метрээр буурах ач холбогдолтой. Түүнээс гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, цагаан тоосны дэгдэлт эрс багасна.
 
Мөн шинэ хаягдал хураах сангийн хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлыг бууруулж, далангийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, холбогдох эрсдэлийг бууруулах давуу талтай, гэж Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны дарга Т.Гэрэлт-Од мэдээллээ.
 
Өнгөрсөн онд уг төслийн хүрээнд гурван багц тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан. Үүний үр дүнд төслийн тоног төхөөрөмж нийлүүлэгчээр “Орем Трейд” ХХК, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Металлургийн Шэнькан Цинхуандао инженерийн зураг төсөл, судалгааны ерөнхий хүрээлэн” ХХК, цахилгаан хангамж, автоматжуулалтын угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Виртуалсофт” ХХК тус тус шалгарсан юм.
 
Одоогоор техник, эдийн засгийн үндэслэл, инженер-геологийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, иж бүрэн зураг төсөл зэрэг үндсэн суурь ажлууд бүрэн дуусжээ. Харин тоног төхөөрөмжийн инженерчлэлийн ажил 40 хувь, төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажил 50 хувь, барилга угсралтын талбайн бэлтгэл ажил үргэлжилж байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн ажлууд үе шаттай төлөвлөгджээ.
 
Хаягдал өтгөрүүлэх технологийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.