Зэсийн стратегийн ач холбогдол дэлхий дахинд улам нэмэгдэж байна
Зэсийн стратегийн ач холбогдол дэлхий дахинд улам нэмэгдэж байна

Дэлхий дахинаа зэсийн стратегийн ач холбогдол улам нэмэгдэж, үнэ цэн нь өссөөр байна. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, орчин цагийн эрчим хүчний сүлжээ нь уламжлалт эх үүсгүүрээс хэд дахин их зэс шаардах аж. 

Цахилгаан автомашин гэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас дөрөв дахин их зэс ашигладаг бол далайн салхин цахилгаан станцад мегаватт тутамд хэдэн тонноор нь ашигладаг байна. Цаашид цахилгаан технологи эрчимжихийн хэрээр зэсийн эрэлт огцом өсөхөөр байна. 

Дэлхийн зэсийн нийт эрэлт 2040 он гэхэд 42 сая тоннд хүрч, одоо байгаа дүнгээс даруй 50 орчим хувиар өсөхөөр байна хэмээн S&P Global мэдээллээ. Ирээдүйн эрэлтийг хангах тогтвортой нийлүүлэлт зах зээлд дутмаг болж ирэхээр байна. 

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд, 2040 он гэхэд дэлхийн зэсийн эрэлт 40 гаруй хувиар өсөхөөр байна гэж зарласан. Зэсийн эрэлт ийнхүү эрчимтэй нэмэгдэхээр байгаа нь улбар металлын ирээдүйн төлөв байдлыг ихээхэн өөрчилж, үнийг дахин, дахин шинэчлэх үйл явц руу хөтөлж байна. Хүлээгдэж буй эрэлтийг хангах нь дэлхий дахины хувьд амаргүй сорилт байх нь.

Өнөөдөр зэсийн хүдрийн агуулга буурах, ордууд хэт гүнд илрэх, тэр хэрээр олборлолтын зардал нэмэгдэх, шинэ төслүүд удаашрах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах зөвшөөрөл нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын тэмцэл хөдөлгөөнтэй тулгарах бэрхшээл түгээмэл болж байна. 

2030 оны дунд үе гэхэд олон сая тонны зэсийн хомсдол үүсэх төлөвтэй байна. Учир нь, эхэнд дурдсан цахилгаан технологи, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх тусам зэсийн зах зээл нийлүүлэлтийн хомсдолд гүн орох таамгууд хөвөрсөөр. Ийм үед Оюу Толгой ХХК ил уурхайгаас гадна гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэлд шилжиж, тасралтгүй үйлдвэрлэгч болсон нь Монголыг дэлхийн зэсийн зах зээлд анхаарлын төвд авчирч,  гол нийлүүлэгч байх байр суурийг улам бэхжүүлж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.