Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ
2 Цагийн өмнө
87
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний хувьд МУУҮА-ийн Зөвлөлийн шийдвэрээр 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн юм. Ингэснээр 30 гаруй жилийн түүхтэй Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн анхны эмэгтэй гүйцэтгэх захирал болсон. 
 
Г.Эрдэнэтуяа захирлын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Байгаль орчин, нийгэм, засаглалын стандартуудыг нутагшуулах, үүнийг хэрэгжүүлэхээс гадна дэлхийн 13 оронд хэрэгжиж буй “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандарт болон НҮБХХ-тай хамтран боловсруулсан "Хариуцлагатай уул уурхайн кодекс"-ийг боловсруулан уул уурхайн салбарт амжилттай нэвтрүүлсэн билээ.
 
Мөн "Уул уурхайн 7 хоног" арга хэмжээний цар хүрээг тэлж, уул уурхайн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнгийн хамтаар өргөжүүлэн зохион байгуулж эхэлсэн. Энэ үеэр "Уурхайчдын наадам" болон "Уурхайчдын спортын их наадам"-ыг тогтмол явуулж, салбарын эв нэгдэл, хамтын оролцоог чухалчилсан.  Эдгээрээс гадна салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх "Ирээдүйн инженер" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Орон нутагт ил тод мэдээллийг хүргэх бүсийн чуулга уулзалтыг тасралтгүй хийж,  компани, орон нутаг, нутгийн иргэдийн харилцааг бэхжүүлж, эргэх холбоог үүсгэсэн.
 
МУУҮА-ийн Зөвлөл хуралдаж, Ассоциацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал П.Оюунбилэгийг томилсон байна.
 
П.Оюунбилэг нь эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн харилцааны чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд Монгол Улсад хэрэгжсэн олон улсын төслүүд, тухайлбал USAID, НҮБ болон Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөрт захирлаар ажилласан туршлагатай. Мөн "Рио Тинто", "Аспайр Майнинг" зэрэг компанид ажиллаж иржээ.
 
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь 1994 онд байгуулагдсан. Энэ цагаасаа эхлэн салбарын ил тод байдал, хариуцлага, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж ирсэн бөгөөд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын идэвхтэй гишүүн байгууллага.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.