Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг дунд болон урт хугацаанд тогтвортой, үе шаттайгаар хөгжүүлэх, зах зээлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Маттье Лө Блан нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох 5 жилийн иж бүрэн стратеги боловсруулна. Тодруулбал, хоёр тал хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, олон улсын жишиг болон ижил түвшний, хөгжингүй зах зээлүүдтэй харьцуулсан үнэлгээ гаргана. Мөн өмнө хэрэгжүүлсэн бодлого, шинэчлэлийн үр нөлөөг үнэлж, цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэл, бодлогын хэрэгжилтийн замын зураглалыг тодорхойлох юм.
Түүнчлэн манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг Дэлхийн банкны “Capital Market Preconditions Framework”-д тулгуурлан үнэлэх бөгөөд бизнесийн орчин, банкны тогтолцооны тогтвортой байдал, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдын оролцоо, институцийн чадавх, зах зээлийн бүтээгдэхүүн, дэд бүтэц зэрэг үндсэн чиглэлүүдийг хамруулна.
2027 оны аравдугаар сар хүртэл хэрэгжих энэхүү төсөл нь санхүүгийн зах зээлийн хөгжилд бодлогын түвшинд томоохон ахиц авчрах ач холбогдолтой. Үүнд, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг үе шаттай төлөвлөх, олон улсын туршлага, арга зүйг нутагшуулах, зах зээлд оролцогчдын чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах цаашилбал салбарын цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд тодорхойлогдох юм.