Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
3 Цагийн өмнө
124
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа энэ сарын 18, 20-ны өдрүүдэд хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Ээлжит хурлаар геополитик, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж байгааг харгалзан үзээд дээрх шийдвэрт хүрсэн байна.

Мөнгөний бодлогын мэдэгдэлд "Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны 2 дугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч руу дөхлөө. Инфляц буурахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Харин хүнсний үнэ сүүлийн саруудад эрчимжиж байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүллээ. Инфляц төв банкны зорилтот интервалын орчимд байх төсөөлөл хэвээр байна. Гэвч шатахуун болон хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй.

Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрч эрчимжихэд хөдөө аж ахуй, уул уурхай болон аж үйлдвэрийн салбар гол хувь нэмэр орууллаа. Энэ онд уул уурхайн салбар, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна. Цаашид эдийн засгийн өсөлт потенциал түвшнийхээ орчимд тогтворжих хүлээлттэй байна" хэмээн дурджээ. 

Мөн "Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв муудах, түүхий эдийн үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлээд байна. Жилийн инфляц зорилтот интервалын голч руу дөхөж буурсан боловч олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлтүүд нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, инфляц эрчимжих эрсдэлийг дагуулж байна" хэмээн Мөнгөний бодлогын мэдэгдэлд тэмдэглэжээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.